С. БАДАМЦЭЦЭГ: АЛТАНГАГНУУР, БАРАГШУНТАЙ ШОТ НЬ ЯСНЫ БЭРТЭЛ, ГЭМТЛИЙН ҮЕД ЯСНЫ БОРООЛОЛТЫГ ТҮРГЭСГЭЖ, ДАРХЛАА ДЭМЖИХ ҮЙЛДЭЛТЭЙ
2022.06.17
Сүүлийн үед дэлхий нийтээр биологийн идэвхт бүтээгдэхүүний хэрэглээ өсөх хандлагатай болжээ. Монос Хүнс ХК VITOS | SHOT брэндийн нэг төрөл болох ясны хугарал, бэртэл гэмтэл болон ясны төрөл бүрийн мэс заслын дараах эмчилгээг дэмжих үйлдэлтэй биологийн идэвхт бэлдмэл үйлдвэрлэдэг. Энэ талаар “Монос” Эм судлалын хүрээлэнгийн Эмийн химийн секторын эрхлэгч, биологийн ухааны доктор С.Бадамцэцэгтэй ярилцлаа.
- Vitos брэндийн “Барагшун, алтангагнууртай” шот бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон үндэслэлээс яриагаа эхэлье?
Ер нь бол ясны гэмтэл тэр дундаа ясны хугарал жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна. Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн статистик мэдээгээр осол гэмтлийн шалтгаанаар эмнэлгийн тусламж авсан 5 хүн тутмын 1 нь буюу жилд дунджаар гучин мянга орчим осол нь аль нэг ясны хугарлын оношоор тусламж авсан байдаг боловч ясны бороололтод нөлөөлөх эм, бэлдмэл ховор байна. Сүүлийн үед уламжлалт анагаах ухааны эм, тангийн найрлагад ордог түүхий эдийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нарийвчлан судлах ажил эрчимжиж, бидний судалгаа ч энэ тал руу чиглэсэн. Мөн энэ төрлийн бүтээгдэхүүн зах зээл дээр хүлээлттэй байгаа нь тогтоогдсон тул судалгааны баг “ажлаа” эхлүүлсэн л дээ.
- Манай улсад ясны бэртэл гэмтэлд ямар төрлийн эм, бэлдмэлийг түлхүү хэрэглэдэг вэ?
Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ясны хугарал эмгэгийн үед эмнэлзүйн заавар батлах Эрүүл мэндийн сайдын тушаалаар ясны хугарлын эмчилгээнд өвдөлт намдаах, шарх эмчлэх зорилгоор эмийн эмчилгээ байдаг боловч ясны бороололтод нөлөөлөх эмийн бэлдмэл тусгагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, өвчин намдаах эмүүдийг хэрэглэж байна. Харин уламжлалт анагаахын эмийн хэрэглээнээс үндэслэн ясны бэртэнгэд эмч нар барагшун, алтангагнуурыг нэмэлтээр ууж хэрэглэхийг зөвлөдөг.
- “Барагшун, алтангагнууртай” Шот бүтээгдэхүүний онцлог нь юу вэ? Барагшун, алтангагнуурыг тус тусад нь хэрэглэснээс ялгаатай юу?
Бүтээгдэхүүний найрлагад орж буй барагшун, алтангагнуур, өндөр зоосон цэцгийг дангаар нь ууж хэрэглэдэг, дан найрлагатай бэлдмэлүүд ч цөөнгүй байдаг. Найрлагад орсон гол түүхий эд болох барагшун болон алтангагнуур ургамлыг онцолъё. Алтангагнуурын ясны хугаралд нөлөөлөх судалгааг Монголд болон дэлхийн бусад оронд ясны эдийн нөхөн төлжих явцад нөлөөлдөг, ясны хугарлын үеийн мэс заслын дараа ясны нөхөн сэргэлтийг түргэсгэхээс гадна олон төрлийн өвчлөлөөс сэргийлэх, ой тогтоолт, оюуны чадамжийг сайжруулах нөлөөллийг судалсан ажлууд нэлээд байдаг. Тухайлбал БНХАУ-ын судлаачдын хэд хэдэн судалгаагаар алтангагнуур ургамалд агуулагдах салидрозид нь ясны хугарал, гэмтэлд нөлөөлөх нөлөөллийг судалж ясны остеобласт эсүүдийн амьдралын циклд өөрчлөлт оруулах замаар үр дүнтэй нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон. Мөн хэдэн жилийн өмнө Японы судлаач алтангагнуур ургамал ясны хугаралд эмчилгээний үр дүнтэй болохыг тогтоож энэ чиглэлээр Монголд ирж уг ургамлыг сонирхож ч байсан.
Барагшун нь ясны хугарлыг хурдан эдгээх, хүндрэлийг бууруулах зорилгоор нэмэлт эм, бэлдмэл болгон ашиглах боломжийг судалсан судалгаанууд байна. Тухайлбал барагшуны химийн найрлага, биологийн идэвх, фармакологийн судалгааг хийсэн дотоодын судлаачид барагшун нь дархлалын тогтолцоог идэвхжүүлэхээс гадна цусны сийвэн дэх нийт уураг, альбумин, гамма-глобулины хэмжээг нэмэгдүүлж, хугарсан ясны бороололтыг түргэсгэх болон антиоксидант нөлөөтэйг тогтоосон байдаг.. Нөгөө талаас хугарлын үед дутагдах Са2+ ионоос гадна бусад бичил элементүүдийн алдагдалтыг нөхөж эдгэрэх хугацааг түргэсгэдэгийг онцолсон байдаг.
Уламжлалт АУ-ы судар бичигт дурдсанаар барагшун болон алтангагнуур ургамал нь сэрүүн чанартай, шүлтлэг гашуун амттай, хоршуулан хэрэглэхэд дан амтыг үүсгэдэг тул хамт хэрэглэхэд тохиромжтой гэж үзсэн. Иймд бид Уламжлалт анагаах ухааны эмч, судлаачидтай хамтран ясны эдийн нөхөн төлжилтийг сайжруулах, ясны хугарлын үед бороололтыг түргэсгэх үйлдлийг ясны хугарлын эмгэг загвар үүсгэсэн хархан дээр 56 хоногийн турш уулгаж харьцуулсан судалгаа хийсэн ба рентген зураг болон гистологийн судалгаагаар үнэлсэн. Ясны нөхөн төлжилтийг дэмжих, хугарсан хэсэгт бороололт явагдах үйл явцыг түргэтгэх фармакологийн үйлдэлтэй байгааг тогтоосон. Мөн дархлаа дэмжих хавсарсан үйлдэлтэй болохыг фармакологийн судалгаагаар баталгаажуулсан.
- Тэгвэл ясны сийрэгжилт, хугарлын үед барагшун, алтангагнууртай шот бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хэрэглэх шалтгаан нь юу вэ? Та зөвлөгөө өгөөч. Хэрэглэгчид яагаад хэрэглэх ёстой вэ?
Ясны сийрэгжилт болон хугарлын үед эмчлэх эм нь нийлэг аргаар гарган авсан эмүүд байдаг тухайлбал хүмүүсийн мэддэгээр кальци, витамин Д агуулсан бэлдмэлүүд гэх мэт. Сүүлийн жилүүдэд нийлэг эмийн бэлдмэлээс илүү ургамал, амьтан, эрдсийн гаралтай түүхий эдээс гарган авсан эм, биобэлдмэлийг хэрэглэх хандлага дэлхий нийтэд төдийгүй манайд давамгайлж байна. VITOS брэндийн “Барагшун” SHOT бүтээгдэхүүн нь ясны хугарал, бэртэл гэмтэл болон ясны төрөл бүрийн мэс заслын дараах эмчилгээг дэмжих үйлдэлтэй бэлдмэл юм. Энэхүү бүтээгдэхүүнийг Эм судлалын хүрээлэнгийн эрдэмтэд сүүлийн гурван жилийн хугацаанд хими, стандартчилал болон фармакологийн судалгааг гүйцэтгэн уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг түүхий эд болох барагшун, эмийн үнэт түүхий эд болох алтангагнуур, өндөр зоосон цэцэг зэрэг ургамлуудын биологийн идэвхт нэгдлийн зохистой харьцаа, нийлэмжид тулгуурлан, шууд хэрэглэхэд хялбар бүтээгдэхүүн болгон гарган авсан. Хамгийн гол нь уг бүтээгдэхүүний ясны хугарлын үед ясны бороололтыг түргэсгэх, дархлаа суларсан үед дархлаа дэмжих үйлчилгээтэй болохыг фармакологийн судалгаагаар нотолж тогтоосон нь нэг талаасаа инновацын шинэ бүтээгдэхүүн юм.
- Биологийн идэвхт бүтээгдэхүүний онцлог нь юу юм бол?
Их энгийнээр тайлбарлавал биологийн идэвхт бүтээгдэхүүн нь хүнс, эм хоёрын дунд оршдог гэж хэлж болно. Хүнсийг хэрэглэгчид өдөр тутамдаа хэрэглэдэг, хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хэрэглэлээ гэхэд гаж нөлөө илрэх нь бага байдаг бол эм нь эмчилгээний үйлдэлтэй нэгдлүүдийг өндөр тунгаар агуулдаг, өвдсөн үед эсвэл өвчлөх эрсдэл өндөр байгаа үед эмчийн зааврын дагуу хэрэглэх зориулалттай. Биологийн идэвхт бүтээгдэхүүн бол өвдөхөөс нь өмнө сэргийлэх, хүнсээр авч чадахгүй байгаа нэгдлүүдийг нэмэлтээр авах боломжтой бүтээгдэхүүн гэсэн үг юм.
- Сүүлийн үед сүлжээний бизнес дагасан ургамлын гаралтай бүтээгдэхүүн болон импортын биологийн идэвхт бүтээгдэхүүн их гардаг болсон. Тэдгээрээс уг бүтээгдэхүүн юугаараа ялгаатай вэ?
Биологийн идэвхт бүтээгдэхүүний хэрэглээ дэлхий нийтээр өсөж байгаа. Тухайлбал, Европын оронд биологийн идэвхт бүтээгдэхүүнийг зөвхөн эмийн сангуудаар борлуулах бус хүнсний дэлгүүрээр худалдаалж иргэд нь өдөр тутмын хэрэглээндээ хэвшүүлсэн. Импортын бүтээгдэхүүнээс ялгарах онцлог нь Монгол орны хөрсөнд ургасан түүхий эдээр Монгол хүний олон зуун жил хэрэглэж ирсэн хэрэглээнд тулгуурлан, дархлаа дэмжих болон ясны бороололтыг түргэсгэх үйлдлийг судалгаа шинжилгээгээр нотлон, дотооддоо үйлдвэрлэж байгаа гэдгээрээ онцлогтой.