Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улсын Хүнсний Манлай Үйлдвэр” Монос Хүнс ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
2025.11.06
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр “Монгол Улсын Хүнсний Манлай Үйлдвэр” Монос Хүнс ХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан юм.
Монос Хүнс ХК нь уг хөтөлбөрийн хүрээнд 30 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдан, “MFC 2.0 Нэгдсэн үйлдвэрийн төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтаа 6000 м.кв-аар өргөтгөөд зогсохгүй, MFC East Log зүүн бүсийн агуулахын бүтээн байгуулалтыг эхлүүлээд байна. Үүний үр дүнд компанийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлж, эх орны үржил шимт хөрсөнд ургасанэмийн ургамлын гаралтай түүхий эдээр бүтээсэн эрүүл мэндийг дэмжих хүнсний бүтээгдэхүүнүүдийг дотоодын хэрэглэгчдэд тасралтгүй, тогтвортой нийлүүлэх бүрдүүллээ.

“MFC 2.0” төслийн хүрээнд Монос Хүнс ХК нь дэвшилтэт техник технологи, үйлдвэрлэлийн инновацыг нэвтрүүлснээр байгаль орчны нийгмийн хариуцлагын бодлогоо улам боловсронгуй болгосон юм Тухайлбал, Экос брэндийн бүтээгдэхүүний хуванцар савлагааны жинг 30 хувиар бууруулж, бүтэн жилийн хугацаанд нийт 172 тонн хуванцрын хэрэглээнээс зайлсхийж, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн соёлыг төлөвшүүлж байна.
Мөн Монос Хүнс ХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй нэгдэж, “MFC Төгөл” байгуулсан бөгөөд Баянгол цэцэрлэгт хүрээлэнд мод тарих арга хэмжээг жилд хоёр удаа зохион байгуулж байна. Мод тарих үйл ажиллагаанд үйлдвэрийн ажилтнууд болон хүүхдүүд сайн дураар идэвхтэй оролцож, усалгааг үйлдвэрийн дахин цэвэршүүлсэн саарал усаар ханган шийдвэрлэж буй нь байгальд ээлтэй үйлдвэрлэлийн нэг илрэл юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ;
Монос Хүнс ХК-ийн үйл ажиллагаатай танилцах үеэр “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд хамрагдсаны үр дүнд бүтээн байгуулалтын өргөн хүрээний ажлыг амжилттай хэрэгжүүлж, MFC 2.0 нэгдсэн үйлдвэрийн төслийг ашиглалтад оруулсан нь Монгол Улсын иргэдийн хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийн баталгаанд оруулсан чухал хөрөнгө оруулалт болсон гэдгийг онцлов.
Эрүүл мэндийн хүнсний үйлдвэрлэлийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй “Монос Хүнс” ХК-ийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь улам их амжилт хүсье.
Монос Хүнс ХК-ийн Гүйцэтгэх захирал А.Отгондарь хэлэхдээ:
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ‘Хүнсний хувьсгал’ хөтөлбөр нь үндэсний үйлдвэрлэгчдэд үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын цар хүрээгээ өргөжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих шинэ боломжуудыг нээж өгч байна. Монос Хүнс ХК-ийн хамт олон энэхүү бодлогын дэмжлэгийн үр дүнд Монгол оюун санаагаар, Монгол хүний ур ухаанаар бүтсэн бүтээгдэхүүнээ эх орныхоо хэрэглэгчдэд бахархалтайгаар хүргэж байна” гэж онцлов.

Монос Хүнс ХК-ийн тухай
Монос Хүнс ХК нь 2012 онд байгуулагдсан бөгөөд эрүүл мэндийг дэмжих хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн үндэсний үйлдвэрлэгч юм.
2019 онд IPO гаргаснаар Монос группийн анхны олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсон төдийгүй өнөөдөр 16,000 хувьцаа эзэмшигчтэй. “Эх дэлхийгээ хайрлаж, эрүүл амьдралыг хамтдаа бүтээнэ” хэмээх алсын хараатай тус компани Монгол хүний эрүүл, чанартай хүнсний хэрэглээг дэмжих олон төсөл, санаачилгыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
