Хэнэгтэй Монгол ЭР ХҮН
“ХЭНЭГТЭЙ МОНГОЛ ЭР ХҮН” нийгмийн нөлөөллийн төсөл нь эрэгтэй хүний талаарх нийгмийн хэвшмэл ойлголтыг өөрчилж, эрүүл оршихуйд нь бодит шийдэл санал болгох замаар сэтгэлзүй болон эрүүл мэндийн хувьд бие даасан, ухамсарт эр хүнийг бүтээлцэх, улмаар эрэгтэй хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд туслах зорилго бүхий урт хугацааны төсөл юм. Нийгмийн хэвшмэл ойлголтыг “ҮЛ СОНСОХ” шинэ хэв маягийг бүтээгч, өөртөө анхаардаг, хэрсүү ухаантай эр хүнийг ШИНЭ ЦАГИЙН МОНГОЛ ЭР ХҮН гэнэ.
“ХЭНЭГТЭЙ МОНГОЛ ЭР ХҮН” нийгмийн нөлөөллийн төсөл
ЭР ХҮН ТА ЭРҮҮЛ АМЬДРАХ ЭРХТЭЙ
Монгол эр хүн 60 наслах магадлал 50%.
Монголд эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү 9.5, олон улсад 3-5.
Эрэгтэйчүүд халдварт бус өвчинд өртөх эрсдэл 1.5 дахин өндөр.
Монголд амиа хорлож буй 10 хүн тутмын 9 эрэгтэй.
Энэ мэт эрчүүдтэй холбоотой баримтуудыг дэлгээд байвал дэндүү харамсалтай тоон үзүүлэлттэй нүүр тулгарсаар байна. Гэвч бид ярьсаар, хэлсээр дасна гэдэг шиг яагаад энэ бүгдийг тоохгүй, харсан ч хараагүй мэт, сонссон ч сонсоогүй мэт оршсоор байна вэ?
Энэ аймшигтай үзүүлэлтүүдийн эсрэг бид хамтдаа зогсож чадна. Нийгэмд хэвшил болоод буй ойлголтуудыг үл сонсож, яг одооноос л өөрийн амьдралын хэв маягтаа анхаарал хандуулж, бусдын үг, бодлоор бус та өөрийнхөө төлөө өөрөөрөө байх хэрэгтэй.
Эрүүл амьдралын хэв маяг гэдэг нь таны гэр бүл, найз нөхөд, хайртай дотнын хүмүүстэйгээ илүү олон жил хамт байх, тэдэндээ хайраа хангалттай мэдрүүлэх, амьдралын сайхнаас аз жаргалыг хүртэх үнэтэй цаг хугацаа юм.
Та жилдээ ганц удаа “Хэнэгтэй” байж эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийж, иогт явмаар байвал явж эсвэл ууланд aлхаж, сэтгэлийг тань зовоож, бухимдуулж буй асуудлаа нээлттэй ярилцаж, бусдын юу гэж бодох бол гэдэг хайрцагнаас өөрийгөө гаргаж, эрүүл амьдрахад хэрэгтэй зүйлсээ хийж, үнэ цэнтэй, урт удаан амьдраарай.
Өнгөрсөн борооны араас цув нөмрөв гэдэг шиг хайртай аавыгаа, ахыгаа, дүүгээ, хүүгээ эрт үзүүлээд, оношлуулсан бол эмчлэгдэх боломжтой байж гэдэг үгийг дахиж сонсмооргүй байна!
Эр хүн танаар хайрлагдах ёстой хүмүүс, танаар бүтээгдэх ёстой зүйлс, таны хүртэх ёстой аз жаргал маш олон байна. Эр хүн та эрүүл л байгаарай.
НИЙГМИЙН ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТЫГ “ҮЛ СОНСЪЕ” ЧИХЭВЧЭЭ ЗҮҮ
“ХЭНЭГТЭЙ МОНГОЛ ЭР ХҮН” нийгмийн нөлөөллийн төсөл | МОНОС ХҮНС ХУВЬЦААТ КОМПАНИ
ЭР ХҮН ТА ЭРҮҮЛ ХООЛЛОХ ЭРХТЭЙ
Өрх гэрийн тэргүүн Монгол эр хүн та өнөөдөр зөв хооллож чадаж байна уу? Эр хүн учраас л зөв зохисгүй хооллож, өөх тостой хоол идэж, “ӨЛ” даах ёстой юу? Нөгөө талаас зарим эмэгтэйчүүд ч гэсэн дуртай гэх шалтгаанаар цуйван, шарсан хуурсан хоол түлхүү хийж өгсөөр байх уу?
Бидэн дунд нэг ийм эмгэнэл болсон шог яриа хүртэл байдаг шүү дээ “наадахаа аавдаа өгөөд идэхгүй бол нохойндоо өгчих”. Аав таны ходоод одоо хогийн сав уу?
Эрэгтэйчүүдэд тохиолдох хорт хавдрын нэгдүгээрт элэг, хоёрдугаарт ходоодны хорт хавдар бичигддэг. Ходоодны хорт хавдраар жилд 1000 хүн оношлогдож байгаагийн 600 гаруй нь эрэгтэй, 300 нь эмэгтэйчүүд байна. Үүнээс та нэгийг бодно буй за. Иймд өдөртөө идэх махан хоол тэр тусмаа шарж, хуурсан өөх тос ихтэй хүнд хоолоо цөөлж, оронд нь жимс ногоо, сүү сүүн бүтээгдэхүүнээр орлуулахыг хичээж, ханасан өөх тосны хэрэглээгээ зохистой хэмжээнд хүртье.
Хэн нэгний "эр хүн байж", "залуу хүн байж", "ганц л амьдрах юм байж", "чи ямар ямаа юу", "чи 100 насалнаа", "Чоно махнаас гарчхаж", "За сүртэй шдэ" зэрэг хэвшмэл ойлголтыг үл сонсъё, эрүүл урт удаан наслахын тулд өөрт хэрэгтэй сонголтыг хийж эрүүл зөв хооллоё.
НИЙГМИЙН ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТЫГ “ҮЛ СОНСЪЕ” ЧИХЭВЧЭЭ ЗҮҮ
“ХЭНЭГТЭЙ МОНГОЛ ЭР ХҮН” нийгмийн нөлөөллийн төсөл | МОНОС ХҮНС ХУВЬЦААТ КОМПАНИ
ЭР ХҮН ТА ЭРҮҮЛ МЭНДДЭЭ АНХААРАХ ЭРХТЭЙ
ЭР ХҮН ТА ЭРҮҮЛ МЭНДДЭЭ АНХААРАХ ЭРХТЭЙ
Бидэнд нэг ийм буруу хандлага байдаг даа өөрт нь зовуурь илрээд хэн нэгэнд хэлэхээр “Манай энэ биеэ их чагнана аа” “Гүэмөн бааштай хүн шүү” “Чи энэ байдлаараа зуу насална аа” “Эр хүн байж тэвчээртэй байгаач” зэргээр нэгнийгээ явуулдаг. Энэ нь эсрэгээрээ нээрэн зүгээр л байлгүйдээ, яав л гэж, ингэж байгаад зүгээр болчихно биз гэж гүрийдэг, хүлцдэг, тоохгүй орхидог, эрүүл мэнддээ анхаардаггүй, урьдчилан сэргийлэх үзлэгт ордоггүй хэнэггүй эрчүүдийг бий болгож байна.
Тэгсээр, Сүүлийн 30 жилийн дунджаар монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76 бол эрэгтэйчүүдийнх дөнгөж 66 байна. Бүхэл бүтэн 10 жилээр богино насалж байна. Дэлхийн ихэнх улсад насны зөрүү нь 3-5 жил л байдаг бол манайд 2 дахин их...
Иймд одоо нэг нэгнийгээ буруу хэв маягт уриалдаг байдлаа больцгооё. Эрчүүд нь ч гэсэн энэхүү хэвшмэл ойлголтыг үл сонсож, өвдөөд байвал үзүүлье, болохгүй байвал баашилъя, эрүүл мэнддээ анхааръя, өөртөө хайртай байя.
Эр хүн та эрүүл мэнддээ анхаарах эрхтэй. НИЙГМИЙН ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТЫГ “ҮЛ СОНСЪЁ” ЧИХЭВЧЭЭ ЗҮҮ
“ХЭНЭГТЭЙ МОНГОЛ ЭР ХҮН” нийгмийн нөлөөллийн төсөл | МОНОС ХҮНС ХУВЬЦААТ КОМПАНИ
ЭР ХҮН ТА СУРЧ БОЛОВСРОХ ЭРХТЭЙ
Үндэсний статистикийн хорооны 2021 оны тоон мэдээллээр манай улсад дээд боловсролын сургалтын байгууллагад 153 мянга гаруй суралцагч байсан бөгөөд 61% нь эмэгтэй, 39% нь эрэгтэй суралцагч байсан байна.
Дахиад л нөгөө буруу хандлагын талаар ярих нь, уучлаарай. Бидний дунд “охиноо л гайгүй боловсролтой болгох минь”, “эрэгтэй хүүхдүүд яах вэ болно биз”, “сургуультай сургуульгүй амьдарна доо” гэдэг хандлага байдаг даа. Энэ нь ч дээрх статистикаас харагдаж байна. Мөн боловсролын түвшин эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, амь настай шууд хамааралтай байгааг илтгэсэн тоо баримтууд ч нэлээдгүй бий.
Одооноос эхлээд аав ээжүүд ч гэсэн эрэгтэй эмэгтэй хүүхдийн боловсролыг хүйсээр нь ялгаварладаг байдлаа боломж нь байвал болъё, сурч хөгжихөд нь анхаарал хандуулъя. Нөгөөтээгүүр эрэгтэй хүүхдүүд маань ч гэсэн нийгмийн хэвшмэл ойлголтыг үл сонсож, өөрийнхөө зорилго мөрөөдлийн төлөө тууштай байж сурч боловсрохдоо анхааръя.
НИЙГМИЙН ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТЫГ “ҮЛ СОНСЪЕ” ЧИХЭВЧЭЭ ЗҮҮ
“ХЭНЭГТЭЙ МОНГОЛ ЭР ХҮН” нийгмийн нөлөөллийн төсөл | МОНОС ХҮНС ХУВЬЦААТ КОМПАНИ
ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛД ХЯЗГААР ҮГҮЙ
Tаны хүсэл мөрөөдөл юу вэ? Энэ асуултыг өсвөр насны (14-16) залуучуудаасаа асуувал өөрийн хүсэл мөрөөдлөө үнэнээр нь хариулах болов уу? Эсвэл нэгнийхээ хариултыг сонсоод худлаа хариулах болов уу?
Учир нь яг энэ үе л хэн нэгэнд өөрийн хүсэл мөрөөдлөө хуваалцахад хамгийн их няцаалттай тулгарч, бусдаас санаа зовнин, нэгнийгээ даган дурайдаг үе юм. Найзууд, гэр бүлийнхнээсээ “За чи ямар балай юм мөрөөддөг юм мөрөөдөл гэж бол энэ”, “Ийм хүсэл мөрөөдлөөр амжилтад хүрэхгүй ээ”, “Хичээл номоо л сайн хийж байхад амжилтад хүрдэг юм” ийм хариултыг хүсэл мөрөөдлөө хуваалцсаны төлөө эсвэл тэр хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээж байхад танд ийм үгсийг хэлбэл та тэр хүсэл мөрөөдлөө үргэлжлүүлэн төсөөлж чадах байсан уу.
Бүгдийг нь үгүйсгэхгүй ч дийлэнх өсвөр насны залуус хаях байх. Учир нь үг гэж хүчтэй, сэтгэл гэж агуу юм.
Хэрвээ залуу минь хэн нэгэн таны хүсэл мөрөөдлийг үгүйсгэж байгаа бол БИТГИЙ СОНС. Зүгээр л хүсэж мөрөөдөх хэрэгтэй. Хүсэл мөрөөдлөөсөө болж битгий “ич”. Таны хүсэл мөрөөдөл дараагийн Билл Гейтс байхыг хэн ч үгүйсгэх эрх байхгүй.
НИЙГМИЙН ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТЫГ “ҮЛ СОНСЪЕ” ЧИХЭВЧЭЭ ЗҮҮ
“ХЭНЭГТЭЙ МОНГОЛ ЭР ХҮН” нийгмийн нөлөөллийн төсөл | МОНОС ХҮНС ХУВЬЦААТ КОМПАНИ
ЭР ХҮН ТА УЙЛАХ ЭРХТЭЙ...
ЭР ХҮН ТА УЙЛАХ ЭРХТЭЙ...
Эрт дээр үеэсээ эхлэн бид нар үр хойчдоо тэр тусмаа эрэгтэй хүүхдүүддээ нэгэн ташаа ойлголтыг өөрсдөө ч мэдэлгүй тархинд нь суулгаад байдаг юм байна. Энэ нь “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм”, “Ийм том эр байж уйлах гээ юу”, “Эр хүн хатуу чанга байх ёстой” гэдэг үгс. Хүн бүрд ойр сонсогдох энэ үгс хатуужилтай, тэсвэртэй, тэвчээртэй эр хүнийг илтгэх ч юм шиг боловч ирээдүйд яг ямар ЭР ХҮНийг бий болгоод байна вэ?
Нийгмийн сэтгэл зүй нь өөрөө маш тогтворгүй бөгөөд дээрх ойлголтуудыг ч бид өөрсдөө гуйвуулж, эсрэг утгыг гаргахад нөлөөлж байгаагаа ойлгодоггүй. Бага наснаасаа эхлэн бүхий л сэтгэлийн илэрхийлэмж болсон сэтгэл хөдлөл, гомдол, гунигийг илэрхийлэхдээ өөрийгөө бага багаар хааж, хойш нь тавьсаар ирээдүйн хаалттай нэгнийг би болгож байна. Үүний үр дүнг бидний өнөөгийн нийгэм, эрэгтэйчүүдийн статистик мэдээллүүд илтгэнэ...
Нулимс бүхэн гунигийг агуулдаггүй, хүүхэд тань унаад уйлж байвал ТА яг одоо дээрх үгсийг битгий хэлээрэй.
Эр хүн уйлж, гомдоллож, гоншигнох эрхтэй. НИЙГМИЙН ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТЫГ “ҮЛ СОНСЪЕ” ЧИХЭВЧЭЭ ЗҮҮ.
“ХЭНЭГТЭЙ МОНГОЛ ЭР ХҮН” нийгмийн нөлөөллийн төсөл | МОНОС ХҮНС ХУВЬЦААТ КОМПАНИ