Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
“МОНОС ХҮНС” ХК ОРГАНИК ААРУУЛТАЙ ҮРЛИЙГ АЛБАН ЁСООР ОХУ-Д ЭКСПОРТОЛЖ ЭХЭЛЛЭЭ

“МОНОС ХҮНС” ХК ОРГАНИК ААРУУЛТАЙ ҮРЛИЙГ АЛБАН ЁСООР ОХУ-Д ЭКСПОРТОЛЖ ЭХЭЛЛЭЭ

2023.08.16

“МОНОС ХҮНС” ХК БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЕВРОАЗИЙН ТАВАН УЛСАД ЭКСПОРТЛОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

“Монос Хүнс” ХК нь ааруулыг аньс, нэрс, чацарганаар баяжуулан хийсэн “BerryVit” үрлийг анх 2017 онд үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэсэн билээ. Ааруултай “BerryVit” үрэл нь бэлчээрийн мал аж ахуйн гаралтай органик сүүгээр боловсруулсан ааруулыг зөвхөн манай оронд түгээмэл тархацтай ургадаг байгалийн органик зэрлэг жимсээр баяжуулж хийснээрээ эрүүл, инноваци шингэсэн, үйлдвэрлэгдсэн цагаасаа эхлэн хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болоод байгаа юм.

Тэгвэл “Монос Хүнс” ХК уламжлалт цагаан идээ болох ааруулыг тараг болон чацаргана жимсээр баяжуулсан “BerryVit” үрлээ ОХУ-д худалдаалах зорилгоор “Милино” брэндийг хөгжүүлэн “Творожное Драже” буюу “Ааруултай үрэл” нэрээр экспортолж эхлээд байна.  

Тодруулбал, “Монос Хүнс” ХК 2023 оны нэгдүгээр сард тараг болон чацарганатай ааруулан үрлийг ОХУ-д анх удаа албан ёсны экспортын хэлэлцээрийн дагуу нийлүүлсэн бол энэ оны наймдугаар сард хоёр дахь удаагийн нийлүүлэлтээ хийж бүтээгдэхүүнээ Москва хотруу амжилттай экспортоллоо. Ингэснээр “Милино” брэндийн ааруултай үрлийг ОХУ цаашлаад Евроазийн эдийн засгийн холбооны таван улсад борлуулах боломжтой болоод байгаа юм. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Киргиз улсад бүтээгдэхүүн нийлүүлэх экспортын гэрээг “Монос Хүнс” ХК БНКирУ-ын “Лекарь” компанитай саяхан үзэглээд байгаа.

                 

Зургийн тайлбар: 2023 оны наймдугаар сард ОХУ-ын Москва хотруу экспортолж буй бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүний тухайд Австри улсад төвтэй “TSC” компанийн ОХУ-дахь салбар “TSC Food Products Ru” компанийн захиалгаар бүтээгдэхүүнийг нэрлэх, шошголох, савлах зэрэгт “Монос Хүнс” ХК брэнд хөгжүүлэлтийг хийж гүйцэтгэсэн. 

Ийнхүү “Монос Хүнс” ХК нь “Монгол оюун санааг дэлхийд таниулна” уриатайгаар эрүүл мэндийг дэмжсэн органик хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх алсын хараагаар үндэсний үйлдвэрлэгчдээ түүчээлж экспортын цар хүрээгээ тэлсээр байна.