“Монос Хүнс” ХК 20 нэр төрлийн бүтээгдэхүүнээ Бүгд Найрамдах Киргиз улсад экспортолно
2023.08.09
“Монос Хүнс” ХК нь олон улс тэр дундаа Евроазийн зах зээлд экспортын цар хүрээгээ тэлж Бүгд Найрамдах Киргиз улсад бүтээгдэхүүнээ экспортлохоор боллоо. Тодруулбал Бүгд Найрамдах Киргиз улсын эм ханган нийлүүлэлтийн “Лекарь” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээг байгуулснаар 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ албан ёсоор Киргиз улсад худалдан борлуулах юм.
Хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр (2023.08.09) “Монос Хүнс” ХК-ийн гүйцэтгэх захирал А.Отгондарь, Лекарь компанийн ерөнхий захирал Эсенбеков Жолдошбек нар гэрээнд гарын үсэг зурлаа. Ийнхүү эрүүл мэндийг дэмжих хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний томоохон үйлдвэр “Монос Хүнс” ХК гадаад зах зээлээ тэлж хамтын ажиллагаагаа өргөжүүллээ.
Гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаанд “Монос Хүнс” ХК-ийн ТУЗ-ийн дарга Х.Ананд, “Монос Хүнс” ХК-ийн гүйцэтгэх захирал А.Отгондарь, “Монос Косметик” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Дагвабаасансүрэн тэргүүтэй төлөөлөл, “Лекарь” ХХК-ийн талаас ерөнхий захирал Эсенбеков Жолдошбек, Бишкек хот болон Хойд бүсийг хариуцсан менежер Исаев Исламбек, Худалдаа хариуцсан захирал Жанбоев Расул, Өмнөд бүс хариуцсан менежер Каныбеков Акылбек, БНКирУ-д манай улсыг төлөөлөх “Монос КейДжи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Булат Улукбек нар тус тус оролцсон юм.
Гэрээнд гарын үсэг зурах үеэр “Монос Хүнс” ХК-ийн ТУЗ-ийн дарга Х.Ананд “Монос групп 30 гаруй жилийн үйл ажиллагаандаа бизнесийн ёс зүйгээрээ түүчээлж ирсэн нь одоогийн гадаад хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх нэгэн хүчин зүйл болсон” гэдгийг дурдсан бол “Лекарь” компанийн ерөнхий захирал Эсенбеков Жолдошбек нь “Энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан цаашдаа хамтарсан үйлдвэр байгуулах эрмэлзэлтэй” байгаагаа дурдлаа.
“Лекарь” компани нь “Эрүүл биед гоо сайхан цогцолно” гэх алсын хараагаар гоо сайхан, эрүүл мэндийг дэмжих хүнсний бүтээгдэхүүн худалдаа, эм ханган нийлүүлэх чиглэлээр 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 130 гаруй салбартай, орон нутгийн салбарын тоо, онлайн худалдааны үйлчилгээгээрээ Киргиз улсдаа томоохонд тооцогдох сүлжээ эмийн сантай байна. Хамтын ажиллагааны хүрээнд “Монос Хүнс” компанийн шингэн болон хуурай хүнсний үйлдвэр, бэлэн бүтээгдэхүүний агуулах, компанийн оффисоор “Лекарь” компанийн төлөөллийг урьж одоогийн үйл ажиллагаа болон тун удахгүй ашиглалтад орох MFC 2.0 төслийн хүрээнд баригдаж буй үйлдвэрийн шинэ барилгын явцыг “Монос Хүнс” ХК-ийн удирдлагын баг танилцуулсан юм.