“Монос Хүнс” ХК-ийн ааруултай үрэл ОУ-д 1,600 бүтээгдэхүүнтэй өрсөлдөж Алтан медаль хүртлээ
2023.09.08
Монгол оюун сэтгэлгээгээр инноваци шингээн бүтээсэн тарагтай ааруултай үрэл олон улсад “Эрүүл амьдралын хэв маягт нийцсэн”, “Инновацлаг бүтээгдэхүүн”-ээр шалгарлаа.
“Монос Хүнс” ХК 2017 оноос эхлэн ааруулыг аньс, нэрс, чацарганаар баяжуулан үйлдвэрлэж байгаа “BerryVit” үрлээ анх удаа олон улсын зах зээлд зориулан хөгжүүлж “Милино” брэнд, “Творожное Драже” нэрээр үйлдвэрлэн гаргаад байгаа юм. Тэгвэл тус брэндийн тарагтай ааруултай үрэл ОХУ-д зохион байгуулагдсан “Neva Buyers Week” ОУ-ын үзэсгэлэнгийн “Эрүүл амьдралын хэв маягт нийцсэн бүтээгдэхүүн” төрөлд нэр дэвшин “Инновацлаг бүтээгдэхүүн”-ээр шалгарч АЛТАН медаль хүртлээ.
Алтан медальт “Милино”
“Милино” брэндийн “Творожное Драже” тарагтай ааруултай үрэл “Эрүүл амьдралын хэв маягт нийцсэн бүтээгдэхүүн” төрөлд шилдгээр шалгарсан “Инновацлаг бүтээгдэхүүн”-ийн батламж, алтан медаль.
Эрүүл амьдралын хэв маягт нийцсэн “Инновацлаг бүтээгдэхүүн” болоод байгаа “Милино” брэндийн “Творожное Драже” тарагтай ааруултай үрлийг “Монос Хүнс” ХК нь Австри улсад төвтэй “TSC” /The chilled Snack Company/ компанийн ОХУ дахь салбар “TSC Food Products Ru” компанийн захиалгаар хөгжүүлэн эх орондоо үйлдвэрлэж экспортлоод байгаа юм.
Тодруулбал, жил бүр ОХУ-д зохион байгуулагддаг “Neva Buyers Week” үзэсгэлэнд энэ жил ОХУ, Узбекистан, Беларусь, Тунис, Армени, Казахстан, Иран, Турк, Монгол болон бусад улсаас 1600 гаруй шинэ бүтээгдэхүүн оролцсон байна. Үзэсгэлэнгийн үеэр бүтээгдэхүүнийг шалгаруулах шүүгчдийн бүрэлдэхүүн хоёр өдрийн турш бүтээгдэхүүнийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, орц найрлага, шинж чанар, сав баглаа боодол, хаяг шошгожилт зэрэгтэй нарийн танилцан судалж шалгаруулалтыг явуулжээ. Тарагтай ааруултай үрэл нь “Эрүүл амьдралын хэв маягт нийцсэн” гэх төрөлд шалгарах гол үзүүлэлт нь уламжлалт цагаан идээ болох кальци болон C, D, B, А амин дэмээр баялаг тараг болон ааруулыг эрүүл мэндийг дэмжсэн бүтээгдэхүүн болгож инноваци шингээн үйлдвэрлэсэнд оршиж байгаа юм. Мөн ямар ч химийн гаралтай түүхий эд ороогүй цэвэр малын гаралтай сүү цагаан идээгээр нь өнгө будаг, орц найрлагыг бүрдүүлснийг шүүгчид онцолсон байна. ОХУ-д энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд ихэвчлэн шоколад, самар, үзэмний орцтой байдгаас гадна химийн гаралтай түүхий эд, будагч бодис орсон байдаг. Харин “Милино” брэндийн “Творожное Драже” тарагтай ааруултай үрэл нь 100 хувь бэлчээрийн малын гаралтай түүхий эд болох цагаан идээгээр хийсэн нь тус зах зээлдээ цоо шинэ төрлийн бүтээгдэхүүн болж өвөрмөц “Инновацлаг бүтээгдэхүүн”-ээр шалгарах гол үзүүлэлт болжээ.
Ийнхүү “Монос Хүнс” ХК нь ОУ-ын зах зээлд зориулж брэнд хөгжүүлэлт хийж, анхны томоохон амжилтаа үзүүллээ.