Л.Хүрэлбаатар: Уушги цэвэрлэх цай нь дархлааг сайжруулж, халдвараас сэргийлж, цусыг цэвэрлэдэг
2021.06.07
Улаанбаатар хотын агаарын чанар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон хэмжээнээс 7-10 дахин их бохирдолтой гарсан. Агаарын бохирдол гэдэг нь агаарын бүтэц шинж чанар хэт их өөрчлөгдөхийг бохирдол гэж үздэг. Энэ нь байгаль болон хүний үйл ажиллагаанаас хамааралтай байдаг. Хүний үйл ажиллагаанаас шалтгаалж буй бохирдолд үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааных голчлон нөлөөлж байна. Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдол дээрх шалтгаанаас үүсэлтэй. Бохирдлоос улбаалан амьсгалын, харшлын эмгэг, зүрх судасны, удамшлын, хавдар, нөхөн үржихүйн эрхтэнд нөлөөлсөн өвчлөлүүд сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын оршин суугчдад их тархаж байна.
Тухайлбал судалгаагаар Улаанбаатар хотын бага насны хүүхэд хөдөө орон нутгийн хүүхдээс гуурсан хоолойн үрэвсэл өвчнөөр 5-15 дахин илүү өвчилж байгааг мөн 2 дүүргийн 2-8 насны хүүхдийн дунд хийсэн судалгаагаар нийт 77,8%-д багтраа, бронхит, харшлын тэмдгүүд илэрч байгааг тогтоожээ. Түүнчлэн нийслэлийн хүн амын амьсгалын замын өвчлөлийн 52.9, зүрх судасны өвчлөлийн 20, уушгины хавдрын 40, хүүхдийн амьсгалын замын өвчлөлийн 24.1 хувийн шалтгаан болж байгааг манай анагаахын судлаачид тогтоосон нь сэтгэл эмзэглүүлэх баримт юм. Гамшгийн хэмжээнд хүрсэн утааг ганцхан жилийн дотор арилгах боломжгүй учир хорт утаанаас эрүүл мэндээ хамгаалах нь юу, юунаас илүү чухал болсон. Тэгвэл яг энэхүү асуудлаар Эм зүйн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, Эм зүйн ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатартай ярилцлаа.
- Хоёулаа ярилцлагаа “Энхжин” брэндийн цай бүтсэн түүхээс эхэлье. Эмчилгээнд туслах, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй цай хийх санаа хэзээ төрсөн бэ?
- Монголчууд эрт дээр үеэс төрөл бүрийн эмийн ургамлыг цай хэлбэрээр ууж хэрэглэж ирсэн байдаг. Тухайлбал говийн аймгуудад загсгалтай цай гэж бий. Загсгалтай цай гэдэг нь манай “цэнэг” дархлаа сайжруулах бэлдмэл болон “салимон” эмийн найрлагад орсон шинэсэрхүү бударганатай цай юм. Говийнхон бол загсгал гэж нэрлэдэг. Түүнээс санаа авч 1998 онд анхны “Энхжин” нэртэй Дархлаа сэргээх цайг гаргаж байсан.
Хоёр дахь цай маань Элэг хамгаалах үйлчилгээтэй “Мөнхжин” нэртэй байсан. Элэг хамгаалах цай нь хамхуулын нэг төрөл болох толгодын бударганын найрлагатай байлаа. Толгодын бударгана гэдэг ургамал элэгний үйл ажиллагааг дэмждэг. Янз бүрийн хордлогоос элгийг хамгаалдаг. Ингээд Энхжин, Мөнхжин гэдэг цай гарсан.
Гурав дахь цайгаа гаргах гэсэн нэг их олон “жин, жин” болох гээд байдаг. Хүмүүсийн толгой эргэмээр болчихсон. Тиймээс нэг л цуврал цай байх нь зөв юм байна. “Энхжин” гэдэг нэрээр байя “Энхжин” гэдэг нэрийн дор бусад цайгаа хийхээр тогтсон. Ийнхүү 1999 онд тайвшруулах үйлчилгээтэй цай хийсэн. XXI-р зуунд хүмүүс маш их стресстэй амьдарч байна. Хүчтэй үйлчилгээтэй нойрны эм, тайвшруулах эм хэрэглэхийн оронд бамбай гэдэг ургамлын гаралтай тайвшруулах цайг хэрэглэхийг санал болгосон.
Түүний дараа бөөрний үйл ажиллагааг дэмждэг “Энхжин” бөөрний цайг хийсэн. Одоо бараг 20 төрлийн цай гаргасан байна. Манай бүсгүйчүүдийн дуртай “Гоолингоо” гэж тураах цай ч бий. Сүүлийн үед хүмүүс сүүтэй цай чанах “100 наслаарай” цайг их хэрэглэж байна. “100 наслаарай” антиоксидант цайг МУИС-ийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн Ж.Батхүү профессорын багтай хамтран бүтээсэн. Хөгшрөлийг удаашруулах, урт наслуулах үйлчилгээтэй цай юм.
- Цайгаар хүнийг эрүүлжүүлж, өвчнөөс сэргийлэх боломжтой гэж та олж харсан байна. Одоо “Энхжин” уушги цэвэрлэх цайны талаар илүү нарийн ярилцъя. Анх уушгины цай гэж гаргаж байсан санагдаж байна. Орц, найрлагыг нь шинэчлээд, уушги цэвэрлэх цай болгон гаргасан гэж ойлгож байгаа зөв үү?
- Тийм. Анх 2012 онд Чех болон ОХУ-д химийн ухааны доктор цол хамгаалсан А.Баянмөнх, Н.Мөнхжаргал гэдэг хоёр залуу эрдэмтэн уушгины цайг бүтээж байлаа.
Хүмүүс их хэрэглэдэг байсан цай найрлагадаа цэр ховхолдог чихэр өвс, ганга гэдэг ургамал гол найрлагад нь орсон. Ганга өөрөө их шидтэй ургамал юм. Хүний биед амьсгалын замаар орсон нүдэнд харагддаггүй тоос, хортой бодисыг биеэс зайлуулдаг. Чихэр өвс нь хүний биеийн дархлааг сэргээх үйлчилгээтэйгээс гадна цэр ховхлох үйлдлээр үнэхээр сайн. Хүн амьсгалж буй гол зорилго бол хүчилтөрөгчийг авах, хүчилтөрөгч хүний уушгинд буй цусаар дамжаад эд, эсүүдэд хүрч байдаг. Гэтэл одоо нүүрс хүчлийн хий болон маш олон хортой бодис агаарт байна.
Тэдгээр бодисууд уушгинд ороод, цусанд шингээд, цусыг бохирдуулдаг. Дан ганц утаанаас цус бохирдоогүй. Уур бухимдлаас болж хүний биед хортой бодис үүсдэг. Мөн хоол хүнс цусыг бохирдуулж байна. Тиймээс цусыг цэвэрлэх зайлшгүй хэрэгтэй байгааг харсан. Тэгээд үүнийг хэрхэн яаж, ямар түүхий эд ашиглаж хийх талаар их бодсон. Үндсэндээ эм зүйн ухааны эрдэмтэн хүний хувьд, Монголчуудын эрүүл мэндийн төлөө юу хийх вэ гэж удаан бодсон. Тэгээд хүний бие дэх хортой бодисыг задалж өгдөг, цусыг шингэлдэг гүргэм гэдэг ургамлыг цайндаа нэмж хийсэн. Дээр нь чацаргана, чацарганын навч, нохойн хошууг хийсэн. Өрнийн анагаах ухаанд нохойн хошууг витамины хаан гэж нэрлэдэг. Утааны үед амьсгалын замын өвчин дэгдэж хүний дархлааг сулруулдаг.
Тиймээс чихэр өвс, нохойн хошуу зэрэг дархлаа дэмжих ургамлыг цайндаа оруулсан. Мөн утааны үед хүн хангалттай хүчилтөрөгчийг өөртөө авч чаддаггүй. Иймээс хүчилтөрөгчийн дутагдалд уушги орох талтай. Гэтэл Төвдийн нэгэн цайны судалгаанаас өндөр уулын бүсэд амьдардаг хүн ард хүчилтөрөгчийн дутагдлаас сэргийлэх зорилгоор чацарганын навчыг дангаар, нийлмэл байдлаар хандалж уудаг болохыг мэдсэнээр уг ургамлын навчыг оруулахаар шийдсэн дээ. Нүүрс болон автомашинаас ялгарч буй РМ 2.5 буюу нарийн ширхэглэгт тоосонцор нь хүний нүдэнд харагддаггүй.
Эрдэмтдийн нотолсноор нарийн ширхэглэгт тоосонцор нь үсний ширхгээс 28 дахин жижиг хэмжээтэй. Уг тоосонцор уушгиар дамжин хүний биед орж улмаар улаан бөөмөөр дамжин цусанд нэвчих байдлаар ургийн гаж хөгжлийг бий болгодог. Гүргэм гэдэг ургамал цусыг шингэлж, хорт бодисыг биес гадагшлуулдаг шидтэй. Тийм болохоор уушги цэвэрлэх цайны орц, найрлагад оруулсан. Манай салбарын эрдэмтэд гүргэм хийснийг их ойшоож байгаа. Үнэхээр санаагүй юм байна. Энэ утаатай хамт маш олон хорт бодис биед ороод цусанд шингээд байгаа. Цусыг цэвэрлэнэ гэдэг нь их сайхан санаа гэж хэлэх болсон.
Иймээс уг цай маань дархлааг сайжруулах, халдвараас сэргийлж, цусыг цэвэрлэх, хүчилтөрөгчийн дутагдлаас сэргийлэх гэх мэт их олон төрлийн үйлчилгээтэй цай болсон.
- “Энхжин” брэндийн цайг гаргахад хийгдсэн судалгааны талаар?
- Уушги цэвэрлэх цай бол эрүүл мэндийн бүтээгдэхүүн юм. Шинжлэх ухаанд нотлогдсон ургамлууд орсон.
Манай судалгааны хүрээлэнгийн судлаачид маань үйлдвэрийн тоосжилт өндөртэй орчинд ажилладаг хүмүүст “Энхжин” цайг уулгаж үзэхэд үр дүн үнэхээр сайн нөлөө үзүүлсэн. Уушги цэвэрлэх цайг ууснаар ханиад, томуугаар өвдөх эрсдэл багасна. Хортой бодисыг биеэс цэвэрлэнэ.
Уушгинд хуримтлагдсан цэрийг гадагшлуулна гэх мэт цайны үйлдлүүд маань нотлогдсон. Гэхдээ цэвэр эмчилгээний цай гэж ойлгож болохгүй. Эмчилгээнд туслах болон урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй цай юм.
- Утааны улиралд эрүүл мэндээ яаж хамгаалах вэ. Та юу гэж зөвлөх вэ?
- Хүмүүс намайг чи өөрийнхөө бизнесийн эсрэг юм яриад байх юм гэж хэлдэг. Хүмүүс өвдөж байвал “Монос”-ын эм зарагдана гэж боддог. Эцсийн эцэст бид бүгдээрээ хүн. Би хүмүүсийг бага өвдөөсэй л гэж боддог.
Манай компанийн үндсэн чиглэл бол аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүмүүст эрүүл мэндийн боловсрол олгох юм. Тийм учраас дархлаа сэргээх бэлдмэл, бөөрний цай, уушги цэвэрлэх цай гээд өвчнөөс сэргийлэх зорилготой бүтээгдэхүүн хийж, үйлдвэрлэж байна. Монголчууд хагас, бүтэн сайнд ууланд их алхаж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дугуй унаж эрүүл мэнддээ анхаардаг болжээ.
Үүнд маш их баярлаж байгаа. Маск зүүж, дархлаагаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглээрэй гэж хэлье дээ.
- Ярилцсанд баярлалаа.