Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
Хувьцаа эзэмшигчид хуралдаа суухын зэрэгцээ ойрын ирээдүйд томоохон өгөөжөө өгөх MFC 2.0 үйлдвэртэй танилцлаа

Хувьцаа эзэмшигчид хуралдаа суухын зэрэгцээ ойрын ирээдүйд томоохон өгөөжөө өгөх MFC 2.0 үйлдвэртэй танилцлаа

2024.04.20

Монос Хүнс ХК нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шинээр ашиглалтад ороод байгаа Эрүүл мэндийн хүнсний үйлдвэрийн байртаа танхимаар болон хүртээмжтэй байдлыг хангах үүднээс цахимаар зохион байгууллаа.

Хувьцаа эзэмшигчдэд 2023 оны үйл ажиллагааны тайлан, гол үр дүнг  Монос Хүнс ХК-ийн Гүйцэтгэх захирал А.Отгондарь танилцуулсан юм.

Нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 75%-ийн ирцтэй хуралдсан энэ удаагийн хурлыг Монос Хүнс ХК-ийн ТУЗ-ийн дарга Х.Ананд даргалсан бол, санал хураалт болон тооллогын үйл явцад ямар нэгэн алдаа байгаагүйг Тооллогын комисс мэдээлэв.

Монос Хүнс ХК-ын хамт олон 2023 онд 31.7 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, 3.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж төлөвлөсөн зорилтоо 96%-аар биелүүлж, өмнөх оноос борлуулалтын орлогоо 12%-аар, цэвэр ашгаа 9%-иар өсгөж, MFC 2.0 төслийг 93%-ийн биелэлттэй амжилттай  бөгөөд хурдтай хэрэгжүүлэхийн хажуугаар үндсэн үйл ажиллагааг тогтвортой, үр дүнтэй авч явсныг хурал даргалагч онцоллоо. Мөн Киргиз, Австрали улсад бүтээгдэхүүнээ бүртгүүлж экспортын тэлэлтийг хийх суурь бэлтгэлийг хангаж ажилласныг хурал дээр онцлон тэмдэглэв.

Монос Хүнс ХК-ийн ТУЗ-ийн 2023 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг үндэслэн компанийн хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй хувьцаанд ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэсэн үндэслэлийг ТУЗ-аас өгсөн үүргийн дагуу хуралд оролцогч хувьцаа эзэмшигчдэд тайлагнасан юм.  

Энэ удаагийн хувьцаа эзэмшигчдийн хурал саяхан ашиглалтад ороод буй Монос Хүнс ХК-ийн Эрүүл мэндийн хүнсний үйлдвэрийн хурлын танхимд болсноороо онцлог бөгөөд хурлын дараа хувьцаа эзэмшигчид шингэн хүнс болон хуурай хүнсний үйлдвэрүүдээр орж компанийн ойрын ирээдүйд томоохон өгөөжөө өгөх MFC 2.0 төслийн бүтээн байгуулалт, ашиглалтад ороод байгаа шинэ үйлдвэр, оффистой биечлэн танилцлаа.