Монос Хүнс ХК БНКирУ-ын Бишкекд зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд оролцлоо
2025.05.20
Монос Хүнс ХК нь 2025 оны 5 сарын 17-нд Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдсан амталгаат үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцлоо. Энэхүү арга хэмжээг Киргиз Улсын Гадаад хэргийн яам зохион байгуулсан бөгөөд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ түншлэл бий болгох зорилготой байв.
Монос Хүнс ХК үзэсгэлэнд хуурай болон шингэн хүнсний нийт 28 нэр төрлийн бүтээгдэхүүнээ танилцуулсан бөгөөд эдгээр бүтээгдэхүүнүүд нь олон улсын чанарын стандартад нийцсэн эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүнүүд юм.
Монос Хүнс ХК нь 2022 оноос хойш экспортын үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Киргиз Улсад “Монос Кей Джи” компанитай хамтран ажиллаж байна. Улмаар 2023 оноос эхлэн Киргиз Улсад бүтээгдэхүүнээ тогтмол экспортолж эхэлсэн. Одоогоор “Лекарь” эм ханган нийлүүлэх компанийн 100 гаруй салбар эмийн санд болон Хүнсний бөөний төв, жижиглэн дэлгүүрүүдээр Монос Хүнс ХК-ийн бүтээгдэхүүнүүд албан ёсоор худалдаалагдаж байна.
Бид 2025 оны эхний хагас жилд БНКир улсруу нийт хоёр удаагийн ачилтыг амжилттай экспортлоод байна.