Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
Монос Хүнс ХК-ийн хагас жилийн борлуулалтын орлого өмнөх оноос 19%, цэвэр ашиг 38%-аар өслөө

Монос Хүнс ХК-ийн хагас жилийн борлуулалтын орлого өмнөх оноос 19%, цэвэр ашиг 38%-аар өслөө

2023.08.08

Монос Хүнс ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдөр боллоо. Хурлаар “Монос хүнс ХК-ийн засаглалын кодексийн хэрэгжилтийг зохицуулагч байгууллагаас үнэлэн ирүүлсэн тайлантай танилцан, компанийн засаглалын кодексийн хөтөлбөрийн хүрээнд хийхээр товлоод байгаа зарим нэгэн бодлого журмыг хэлэлцүүллээ.

Мөн ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хорооноос 2023 оны эхний хагас жилийн байдлаар хийсэн ажлаа товч  тайлагнаж, энэ хугацаанд компанийн худалдан авалтын үйл ажиллагаанд “Мүүр аудит” ХХК-аар хөндлөнгийн аудит хийлгэсэн тайлан, зөвлөмжийг нийт гишүүдэд танилцуулж, цаашид хийхээр товлож байгаа ажлаа товч тайлагнав. ТУЗ-ийн дэргэдэх Нэр дэвшүүлэх болон цалин урамшууллын хорооноос хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлан шалгаруулалт хийсэн ажлаа танилцуулж, хараат бус гишүүнээр олон нийтэд “шарк” гэж танигдсан, бизнесийн салбарт арвин туршлага хуримтлуулсан Д.Энхтүвшинг гишүүд санал нэгтэйгээр сонголоо. Тэрээр 5 гишүүний бүрэлдэхүүнтэй ТУЗ-ийн дэргэдэх Стратеги, бизнес хөгжлийн хороог даргалан ажиллахаар томилогдов.

Энэ удаагийн ТУЗ-ийн ээлжит хурлаар Монос Хүнс ХК-ийн  2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланг хэлэлцэж, гүйцэтгэх захирал А.Отгондарь тайланг танилцуулсан юм.

Тайлангаас онцолбол,

  • Компанийн эхний хагас жилийн борлуулалтын орлого 16.5 тэрбум хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 19%, цэвэр ашиг 38% өссөн амжилтыг үзүүлэлттэй;
  • Компани экспортын хүрээгээ тэлж, “Милино” брэндийн тарагтай болон чацарганатай ааруулан үрлийг ОХУ-ын зах зээлд амжилттайгаар нийлүүлсэн. Бүгд Найрамдах Киргиз Улсад 20 нэр төрлийн бүтээгдэхүүнийг экспортлох хэлэлцээрийг амжилттайгаар хийгээд байна;
  • MFC 2.0 төслийн гүйцэтгэл амжилттай хэрэгжиж, үйлдвэрийн барилга 95 хувь, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт 90 хувь, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажлын явц 95 хувьтай байгааг тус тус танилцууллаа.

Тайлант хугацаанд  Монос Хүнс ХК нь байгаль орчин, нийгэм, засаглал буюу БОНЗ/ESG/-ын суурь үнэлгээг  нийт 225 шалгуур үзүүлэлтээр хийлгэхэд 153 шалгуур  бүрэн биелсэн, буюу нийт 10 оноо авахаас 6.9 гэсэн оноог авсан нь энэ төрлийн үнэлгээндээ өндөр үзүүлэлт юм. Тус үнэлгээгээр Монос Хүнс ХК нь нийгмийн хариуцлагаа ухамсарласан, үйл ажиллагаандаа байгаль орчин, нийгэм, засаглалын хувьд арвин ололт амжилттай, үйл ажиллагаа нь сайн дадалтай гэж дүгнэгдсэн нь компанийн нэр хүндэд эергээр нөлөөлөх, нийт хувьцаа эзэмшигч болон хөрөнгө оруулагчдад хүргэхэд таатай мэдээ болохыг ТУЗ-ийн зарим гишүүд онцолсон юм.

Ийнхүү ТУЗ-өөс 2023 оны эхний хагас жилдээ амжилттай ажилласан менежментийн баг, хамт олонд баяр хүргэж амжилт хүслээ.