Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
Монос Хүнс Хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо

Монос Хүнс Хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо

2024.02.21

Энэ удаагийн ээлжит хурал 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Монос Хүнс ХК-ийн шинээр ашиглалтад орсон үйлдвэр, оффисын нэгдсэн байранд 89%-ийн ирцтэйгээр зохион байгуулагдлаа.

Хурлаар компанийн 2023 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, хөндлөнгийн аудитын дүгнэлт, ногдол ашиг хуваарилах эсэх болон хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын товын талаар хэлэлцэж шийдвэрүүдийг гаргалаа.

Монос Хүнс ХК-ийн 2023 оны борлуулалтын орлого өнгөрсөн оноос 12% өсч 31.7 тэрбум төгрөг, цэвэр ашиг 14% өсч 3.6 тэрбум төгрөгт тус тус хүрсэн байна. Тус онд экспортын цар хүрээгээ өргөжүүлсэн, үйлдвэрлэлийн хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлэхүйц бүтээн байгуулалтыг /MFC 2.0/ хийж чадсан өрнүүн амжилттай жил байсныг гүйцэтгэх удирдлагын зүгээс онцоллоо. Мөн түүнчлэн 2023 онд Монос Хүнс ХК анх удаагаа Байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) үнэлгээ хийлгэж, байгаль орчин, нийгэм, засаглалдаа анхаарч ажиллаж байгаа талаараа танилцууллаа.

Өнгөрөгч онд зах зээлд тэргүүлэгч Экос pH 8.5-тай зөөлөн шүлтлэг, эрүүл мэндийн ус ард түмний таашаалд нийцэж Монголын Хүнсчдийн нэгдсэн холбооноос “Ард түмний хүнс-2024” шагнал, Милино брэндийн “Творожное Драже” тарагтай ааруултай үрэл олон улсын үзэсгэлэнгээс “Эрүүл амьдралын хэв маягт нийцсэн” шагнал, мөн МҮХАҮТ-ын нэрэмжит Entrepreneur арга хэмжээнээс “Оны онцлох Сайн засаглалыг хэрэгжүүлэгч” компаниар шалгарсан амжилтуудыг үзүүлсэн байна.

 

Компанийн ирээдүйн 5-10 жилийн үйл ажиллагаа, тэлэлтийг шийдвэрлэсэн MFC 2.0 төслийн бүтээн байгуулалтыг хийхдээ үндсэн үйл ажиллагааг тогтвортой өсөлттэй авч явсан гүйцэтгэх удирдлага, компанийн баг хамт олныг 2023 онд сайн ажилласан хэмээн дүгнэн баяр хүргэж, амжилт хүслээ.