
Монос Хүнс ХК SGS олон улсын аудитаар дахин баталгаажлаа
2025.03.28
"Монос Хүнс" ХК нь хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт болох FSSC 22000-ийн шинэчлэгдсэн Version 6 хувилбарт амжилттай шилжиж, SGS олон улсын аудитын байгууллагаар баталгаажин, гэрчилгээгээ гардлаа.
Бид FSSC 22000 Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO 14001 Байгаль орчны менежментийн тогтолцоо, ISO 9001 Чанарын менежментийн тогтолцооны стандартуудыг дэлхийд тэргүүлэгч Швейцарийн SGS компаниар баталгаажуулж, үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.
FSSC 22000 нь ISO 22000, ISO/TS 22002 (PAS 220)-ийн шаардлагад суурилсан, Хүнсний аюулгүй байдлын дэлхийн санаачилга (GFSI)-д хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын стандарт юм. Энэхүү стандартын шинэчлэгдсэн хувилбар буюу Version 6 нь 2023 оны 4-р сард батлагдаж, 11-р сараас хэрэгжиж эхэлсэн.
2025 оны 2-р сарын 18-нд SGS-ийн олон улсын аудиторууд хүрэлцэн ирж, FSSC 22000, ISO 14001, ISO 9001 стандартуудын магадлан аудит хийсэн бөгөөд бид энэхүү аудитад тэнцэж, баталгаажуулалтаа амжилттай сунгалаа.
Монос Хүнс ХК нь хүнсний аюулгүй байдлын стандартын шаардлагыг 6 жилийн турш тогтвортой хэрэгжүүлэн ажиллаж, хэрэглэгчиддээ хүргэх бүтээгдэхүүнийхээ чанар, стандартаа бататгасаар байна.