Монос Хүнс ХК-ийн Киргиз улсруу экспортлох бүтээгдэхүүнүүд замдаа гарлаа
2024.01.23
Монос Хүнс ХК өнгөрөгч онд Бүгд Найрамдах Киргиз улсын Лекарь эм ханган нийлүүлэх компанитай гэрээ байгуулж хамтын ажиллагаагаа эхлүүлээд байсан билээ. Хамтран ажиллах гэрээний хүрээнд Монос Хүнс ХК 20 нэр төрлийн бүтээгдэхүүнээ Лекарь компанийн 100 гаруй сүлжээ эмийн сангаар Киргиз улсад албан ёсоор худалдаалахаар болж 2024 оны нэгдүгээр сард тус улсруу бүтээгдэхүүнүүдээ амжилттай экспортолж эхэллээ.
Тодруулбал Монос Хүнс ХК-ийн үйлдвэрлэдэг Маамуу шүүс, Эко уусдаг цай, Берривит витаминт, үзэмтэй болон ааруултай үрэл зэрэг бүтээгдэхүүнийг Орос болон Киргиз хэлээр шошголж тус улсруу нийлүүлээд байна.
Экспортын цаашдын хамтын ажиллагааны хүрээнд Монос Хүнс ХК тус улсын зах зээлд зориулж маркетингийн идэвхжүүлэлтийн ажлыг хийхээр төлөвлөөд байгаа юм.
Киргиз улсын Лекарь компанийн тухайд гоо сайхан, эрүүл мэндийг дэмжих хүнсний бүтээгдэхүүн худалдаа, эм ханган нийлүүлэх чиглэлээр 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийслэл болон орон нутагт 130 гаруй салбартай байна.