
Монос Хүнс ХК-ийн Гүйцэтгэх захирал А.Отгондарь “Компанийн засаглал, нийгмийн хариуцлага, комплаенс хэрэгжүүлэгч энтерпренёр хатагтай”-аар шалгарлаа
2025.03.06
Монос Хүнс ХК-ийн Гүйцэтгэх захирал А.Отгондарь Монголын Худалдаа, Аж Үйлдвэрийн танхимаас зохион байгуулдаг "Lady Entrepreneur 2025" шагнал гардуулах ёслолоос "Компанийн засаглал, нийгмийн хариуцлага, комплаенс хэрэгжүүлэгч энтерпренёр хатагтай" төрөлд шалгарлаа. Тус шагнал нь компанийн засаглалыг оновчтой хэрэгжүүлж, бизнесийн ёс зүйг чандлан сахиж, нийгэмд эерэг өөрчлөлт авчирч буй эмэгтэй удирдагчдад олгодог хүндэтгэлтэй шагнал юм.
2025 оны гуравдугаар сарын 6-ны өдөр болсон энэхүү арга хэмжээнд бизнесийн салбарт манлайлж буй олон шилдэг эмэгтэй удирдагчид оролцлоо.
Энэ жил 14 дэх удаагаа зохион байгуулагдсан уг арга хэмжээ нь улс орны эдийн засаг, бизнесийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй эмэгтэй бизнес эрхлэгчдийг алдаршуулах, тэдний манлайллыг дэмжих, арга туршлагыг хуваалцах зорилготой билээ.
Монос Хүнс ХК нь хүрээлэн буй орчин, оролцогч талуудаа хүндэтгэн, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлж, үнэ цэнэ бүтээхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг. Бид 2024 онд MFC 2.0 нэгдсэн үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлж, III улиралд ашиглалтад оруулснаар шингэн хүнсний үйлдвэрлэлийн хүчин чадлаа гурав дахин нэмэгдүүлж, бүтээгдэхүүний хүртээмж, үйлдвэрлэлийн үр ашгийг өсгөсөн юм.
Мөн үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа ISO 9001:2015 (Чанарын удирдлагын тогтолцоо), FSSC 22000:2018 (Хүнсний аюулгүй байдал), ISO 14001:2015 (Байгаль орчны удирдлага) зэрэг олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлж, Швейцарын SGS компанийн аудитаар баталгаажуулсан нь манай бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн чанар олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөний илэрхийлэл юм.
Монос Хүнс ХК-ийн байгальд ээлтэй үйлдвэрлэл, нийгмийн хариуцлага ба ажилтнуудын хөгжил, олон улсын стандартын хэрэгжүүлэлт, цахилгаан эрчим хүчний хэмнэлт зэрэг Байгаль Орчин Нийгэм Засаглалын /БОНЗ/ хүрээнд гаргаж буй ахиц дэвшил, санал санаачилгыг үнэлж буйд МҮХАҮТ-д талархал илэрхийлье.