
МОНОС ХҮНС ХК-ИЙН 2025 ОНЫ ЭХНИЙ ТУЗ-ИЙН ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2025.02.18
2025 оны эхний Төлөөлөн Удирдах Зөвлөлийн (ТУЗ) хурал хоёрдугаар сарын 18-ны өдөр 100%-ийн ирцтэйгээр хуралдав. Хурлаар Гүйцэтгэх захирал А.Отгондарь 2024 оны үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтүүдийг танилцуулж, өнгөрсөн онд гаргасан гол амжилтуудаа тайлагналаа.
Монос Хүнс ХК-ийн ТУЗ-ийн 25/02 тогтоолоор компанийн 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 4 төгрөг буюу 1,635, 401,712 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэлээ.
Монос Хүнс ХК-ийн 2024 оны санхүүгийн онцлох үзүүлэлтүүд:
- Борлуулалтын өсөлт: 20%
- Цэвэр ашгийн өсөлт: 23%
- Шингэн хүнсний үйлдвэрлэлийн өсөлт: 38%
- Хуурай хүнсний үйлдвэрлэлийн өсөлт: 12%
2024 оны онцлох амжилтууд:
MFC 2.0 үйлдвэрийн төсөл
Монос Хүнс ХК шингэн хүнсний үйлдвэрлэлээ өргөжүүлж, MFC 2.0 үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлэн 2024 оны III улиралд ашиглалтад оруулав. Үүний үр дүнд үйлдвэрлэлийн хүчин чадал гурав дахин нэмэгдэж, 2025 оноос компанийн ашигт эерэг нөлөө үзүүлж байна.
Олон улсын чанарын стандартуудыг нэвтрүүлэв
Бид ISO 9001:2015 (Чанарын удирдлагын тогтолцоо), FSSC 22000:2018 (Хүнсний аюулгүй байдлын менежментийн систем), ISO 14001:2015 (Байгаль орчны удирдлагын тогтолцоо) зэрэг олон улсын чанарын стандартуудыг амжилттай нэвтрүүлж, Швейцарийн SGS компанийн аудитаар баталгаажууллаа.
Экспортын үйл ажиллагааг өргөжүүлэв
Монос Хүнс ХК нь Монос KG дистрибьютер компанитай хамтран ажиллаж, эхний захиалгаа хүлээн авч байна. Бид ISO стандартын шаардлага хангасан хуурай болон шингэн хүнсний 28 нэр төрлийн бүтээгдэхүүнийг экспортлох зорилготой ажиллаж байгаа нь олон улсын зах зээлд өрсөлдөх чухал алхам болж байна.
"Монгол Улсын Хүнсний Манлай Үйлдвэр" өргөмжлөл хүртэв
Монголын Хүнсчдийн Нэгдсэн Холбооноос Монос Хүнс ХК-ийг хүнсний салбарт оруулж буй хувь нэмэр, манлайллыг үнэлж "Монгол Улсын Хүнсний Манлай Үйлдвэр" өргөмжлөлөөр шагналаа.
ТУЗ-ийн гишүүдээс 2025 оны үйл ажиллагааны хүрээнд шинэ бүтээгдэхүүний зах зээлийн судалгааг өргөжүүлэх, хүний нөөцийн бодлогыг сайжруулах, олон нийт болон харилцагчидтай харилцах харилцааг бэхжүүлэх чиглэлээр ажиллахыг үүрэг болголоо.
Түүнчлэн гишүүд компанийн санхүүгийн үр дүнгийн өсөлт, ажилтнуудын зохистой харьцаа, уур амьсгалын судалгааны үр дүнг сайшаан, удирдлагын багт баяр хүргэж, амжилт хүслээ.