МОНОС ХҮНС ХК-ИЙН 2025 ОНЫ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨГ ТУЗ-ИЙН ЭЭЛЖИТ ХУРЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭН БАТАЛЛАА
2024.11.22
Монос Хүнс ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулагдлаа. 2024 оны III улирлын тайлан хэлэлцэж буй энэ удаагийн ТУЗ-ийн хуралд гишүүд 90% ирцтэй оролцсон юм.
ТУЗ-ийн хурлыг Монос Хүнс ХК-ийн захирал А.Отгондарь Монос Хүнс ХК-ийн III улирлын тайланг танилцуулж нээлээ. Мөн Стратеги , Бизнес Хөгжлийн Хороогоор батлагдсан 2025 оны бизнес төлөвлөгөөг танилцуулж, баталлаа.
Монос Хүнс ХК-ийн эхний есөн сарын өссөн дүнгээр компанийн борлуулалтын орлого өнгөрсөн оны мөн үеэс 11% өсөж 27 тэрбум төгрөгт хүрсэн. Зөвхөн III улирлын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал борлуулалтын орлого 21%, цэвэр ашиг 27% тус тус өсжээ.
Компани IV улиралд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлснээр III улирлын үзүүлэлтээ давуулан биелүүлэх хүлээлттэй ажиллаж буй.
III улирлын тайлангаас онцлох нь:
- ISO 9001:2015, FSSC 22000:2018, ISO 14001:2015 стандартуудыг амжилттай хэрэгжүүлж буйгаа баталгаажуулж олон улсад дахин хүлээн зөвшөөрөгдөөд байна;
- Экос эрүүл мэндийн усны үйлдвэрлэлийн хүчин чадлаа 2,5 дахин нэмэгдүүллээ;
- Монголчуудынхаа эрүүл мэндийн тулгамдсан асуудалд хувь нэмэр оруулж, Цэнэг брэндийн “Уушги цэвэрлэх бэлдмэлийг” зах зээлд амжилттай танилцуулав;
- Эхний хагас жилд борлуулалтын орлого 6% байсан бол III улиралд 21% -ийн өсөлттэй байлаа.
Хөрөнгө оруулагчид болон хэрэглэгчид хөрөнгө оруулалт, худалдан авалтын шийдвэрээ өөрсдийн үнэт зүйлстэй нийцүүлж, нийгэм, байгаль орчны хариуцлагыг чухалчлах болсон нь БОНЗ-ын ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлж байна. ТУЗ-ийн хувьд энэ чиглэлд оруулж буй компанийн хувь нэмрийг хурлын үеэр онцолсон юм.
ТУЗ-өөс 2024 оны III-р улиралд амжилттай ажиллаж, MFC 2.0 нэгдсэн үйлдвэрийн төслөө 100% ашиглалтад оруулж, усны үйлдвэрлэлийн хүчин чадлаа 2,5 дахин нэмэгдүүлэн эрүүл мэндийн усаа ард иргэддээ тасалдалгүйгээр хүргэхээр болсон Гүйцэтгэх удирдлага болон Менежментийн багийнханд баяр хүргэж, тус улирлын гүйцэтгэлд ТУЗ-ийн зүгээс “Маш сайн” гэсэн үнэлгээ өглөө.