Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
Монос Хүнс ХК-ийн 2024 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланг ТУЗ-ийн зүгээс үнэлэн “Маш сайн” хэмээн дүгнэлээ

Монос Хүнс ХК-ийн 2024 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланг ТУЗ-ийн зүгээс үнэлэн “Маш сайн” хэмээн дүгнэлээ

2025.04.09

“Монос Хүнс” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025 оны 4 сарын 9-ний Лхагва гарагт 10:00 цагт цахим болон танхимын хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.

Хурлаар компанийн гүйцэтгэх захирал А.Отгондарь 2024 оны үйл ажиллагаа болон санхүүгийн гүйцэтгэлийн тайланг танилцуулсан бол ТУЗ-ийн дарга Х.Ананд ТУЗ-ийн шинэчлэгдсэн бүрэлдэхүүн болон үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэлээ. Мөн 2024 оны санхүүгийн тайланд хийсэн хараат бус аудитын дүгнэлтийг “Онч аудит” компанийн партнер Б.Уранбилэг танилцуулсан юм.

ТУЗ-ийн хараат бус гишүүн М.Сарандаваа 2025 оны ТУЗ-ийн төсвийн шинэчлэлийг танилцуулах үеэр ТУЗ-ийн дэргэдэх нийт дөрвөн хорооны гурав болох Аудит, эрсдэлийн хороо, Нэр дэвшүүлэх хороо, Стратеги бизнес хөгжлийн хороодын даргаар хараат бус гишүүдийг томилсон нь компанийн засаглалыг сайжруулах, ялангуяа жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд Монос Хүнс ХК манлайлан ажиллаж буйн илрэл хэмээн онцлов.

Танилцуулгад үндэслэн хувьцаа эзэмшигчдийн санал хураалтаар дараах хоёр шийдвэрийг тус тус батлав.

Үүнд:

1. Компанийн 2024 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланд өгсөн ТУЗ-ийн дүгнэлтийг 99.88% саналаар

2. ТУЗ-ийн 2025 оны төсвийн шинэчлэлийг 99.87% саналаар

Хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон нийт хувьцаа эзэмшигчдэдээ талархал илэрхийлье.