
Монос Хүнс ХК: Хагас жилийн үйл ажиллагаа, зүүн бүсийн шинэ агуулахын бүтээн байгуулалтыг ТУЗ-д тайлагналаа
2025.08.06
Монос Хүнс ХК-ийн хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг танилцуулах Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурал 2025 оны наймдугаар сарын 6-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Хурлыг компанийн Гүйцэтгэх захирал А.Отгондарь нээж, 2025 оны эхний хагас жилийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 31%-иар өссөн, ашигт ажиллагаа сайжирсан эерэг үзүүлэлтийг онцлон танилцуулсан юм.
ТУЗ-ийн гишүүд тайлантай холбоотой тодруулга асууж, цаашид анхаарах асуудлууд болон сайжруулах боломжийн талаар санал, дүгнэлтээ хэлэлцлээ.
Шинэ агуулахын төсөл: MFC East Log бүтээн байгуулалтын талаар
Хурлаар өмнөх улиралд ТУЗ-өөс өгсөн үүрэг зөвлөмжийн явц, үр дүн, оны эхний хагас жилийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн явц, бизнесийн эрсдэлийн удирдлагын асуудлаар танилцуулж хэлэлцсэнээс гадна энэ оны онцлох төсөл болох зүүн бүсийн агуулах “MFC East Log” төслийн явц, санхүүжилт болон төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцууллаа.
Зүүн бүсийн агуулахын бүтээн байгуулалт нь логистикийн бүтээмжийг 20 хувиар нэмэгдүүлэх, урт хугацаандаа компанийн зардлыг бууруулах олон талын үр ашигтай оновчтой шийдэл юм.
ТУЗ-ийн гишүүдийн санал
Хурлын үеэр Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдээс дараах гол чиглэлүүдийг санал, зөвлөмж болголоо.
Монос группийн гүйцэтгэх захирал ,ТУЗ-ийн дарга Х.Ананд:
Монос Хүнс ХК-ийн үйлдвэрлэл өссөн, борлуулалтын орлого 31%, эхний хагас жилдээ цэвэр ашиг 4.4 тэрбумд хүрсэн нь компанийн зөв бодлого, удирдлагын үр дүнтэй ажиллагааг харуулж байна. ТУЗ-ийн даргын хувьд компанийн удирдлага, менежментийн баг болон нийт хамт олондоо баяр хүргэж, цаашдын ажилд амжилт хүслээ.
ТУЗ-ийн хараат бус гишүүн Д.Гэрэлт-Од:
Монос Хүнс ХК-ийн маркетингийн баг тун сайн ажиллаж байгаа. Цаашид илүү үр ашигтай байлгахын тулд маркетингийн үр өгөөжийг хэмжиж, үнэлж, дүгнэх аргачлалаа сайжруулах нь илүү чухал байна. Маркетингийн багийн сургалт хөгжлийг анхаарч буйд талархалтай байна.
ТУЗ-ийн хараат бус гишүүн, нэр дэвшүүлэх хорооны дарга Д.Энхжаргал:
Монос Хүнс ХК нь хариуцлагатай, байгальд ээлтэй үйл ажиллагаа эрхэлдэг, тогтвортой хөгжлийн зорилтыг хангах санаачилгыг хэрэгжүүлдэг, жендерийн мэдрэмжтэй, эмэгтэй удирдлагатай, эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг зэрэг нь олон улсын хөрөнгө оруулагч мэргэшсэн байгууллагуудын эрэлт хэрэгцээ, сонирхолд нийцтэй байна. Иймд ногоон хөгжлийн бодлого, тогтвортой өсөлтийг санхүүжүүлэгч олон улсын санхүүгийн байгууллагуудаас хөрөнгө оруулалт татах чиглэлд одооноос санаачилга гарган үйл ажиллагаагаа өргөжүүлж, салбараа манлайлсан жишиг бизнес байх бүрэн боломжтой. Эхний хагас жилийн үйл ажиллагааг дүгнэхэд удирдлага баг хамт олон бүтээмж өндөртэй сайн ажиллажээ.