МОНОС ХҮНС ХК ЭКСПОРТЫН ЦАР ХҮРЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛЛЭЭ
2022.12.22
Эрүүл мэндийн хүнсний үйлдвэрлэлийн тэргүүлэгч Монос Хүнс ХК нь 2017 оноос хойш экспортын борлуулалтад анхаарлаа хандуулсаар ирсэн.
2022 оны хувьд Орос, Хятад, Америк, Солонгос, Кыргыз улсын зах зээлүүдэд анхаарал хандуулан ажилласан бөгөөд эхний үр дүнгүүд гарч эхэлжээ. Австри улсад төвтэй “TSC” компанийн ОХУ дахь салбар “TSC Food Products RU” компанитай хамтран 10 сарын хугацаанд “МИЛИНО” брэндийн ааруултай үрэл бүтээгдэхүүнийг хөгжүүлж эхний нийлүүлэлтийг хийгээд байна. Энэхүү “МИЛИНО” брэндийн ааруултай үрэл бүтээгдэхүүн нь ОХУ-аас гадна Хамтын нөхөрлөлийн холбооны таван улсад борлуулагдах боломжтой болж байна.
Үүнээс гадна энэ оны 12-р сарын 16-нд Бүгд Найрамдах Кыргыз улсын Бишкек хотноо тус улсын зах зээлд “Монос Хүнс” ХК, “Монос эмийн үйлдвэр”, “Монос Косметик” ХХК-иудын экспортын үйл ажиллагааг төлөөлөх зорилго бүхий Монос Кей Жей компанийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.
Арга хэмжээнд МУ-ын элчин сайдын яам, элчин сайд, албан хаагчид, Кыргыз улсын бизнес эрхлэгчид оролцлоо. Энэ үеэр онцгой эрхт дистрибьютерээр сонгогдсон, Кыргыз улсын зах зээлд 20 жилийн импортын туршлагатай “БИМЕД ФАРМ” компанитай “Монос Хүнс” ХК, “Монос Косметик” ХХК-иуд хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.