Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
МОНОС ХҮНС ХК БОЛОН ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК "ЗАХ ЗЭЭЛ ҮҮСГЭГЧ"-ИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

МОНОС ХҮНС ХК БОЛОН ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК "ЗАХ ЗЭЭЛ ҮҮСГЭГЧ"-ИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

2026.05.12

Монос Хүнс ХК нь Голомт Капитал ҮЦК-тай “Зах зээл үүсгэгч” буюу “Market Maker”-ийн хамтын ажиллагааны гэрээг байгууллаа. Ингэснээр Монос Хүнс ХК-ийн “MFC” хувьцаа нь Монголын хөрөнгийн зах зээлд энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлж буй анхны хувьцаа болж байна. Тус хамтын ажиллагаа нь Монголын Хөрөнгийн Бирж болон Санхүүгийн Зохицуулах Хорооны холбогдох журам, зохицуулалтын хүрээнд хэрэгжинэ.

 

Голомт Капитал ҮЦК нь Монос Хүнс ХК-ийн хувьцаанд зах зээл үүсгэгчийн үүргийг хэрэгжүүлж, худалдан авах болон худалдах захиалгыг тогтмол байршуулан ажиллах юм. Улмаар хувьцааны хөрвөх чадвар нэмэгдэж, арилжааны идэвх сайжрахын зэрэгцээ үнийн тогтвортой байдал болон зах зээлийн үр ашигт эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой.

Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах үеэр Голомт Капитал ҮЦК-ийн Арилжааны хэлтсийн захирал А.Билгүүн “Бид Монголын хөрөнгийн зах зээлд зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааг анхлан хэрэгжүүлж буй байгууллагын хувьд үнэт цаас гаргагч компаниудтай урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг эрхэмлэдэг. Монос Хүнс ХК нь хөрөнгө оруулагчидтай харилцах үйл ажиллагаагаа тогтмол, ил тод хэрэгжүүлдэг, үндэсний эрүүл мэндийг дэмжих хүнс үйлдвэрлэгч компани бөгөөд бид зах зээл үүсгэгчийн хүрээнд хамтран ажиллах анхны компаниар Монос Хүнс ХК-ийг сонгосондоо таатай байна” гэв.

Мөн Монос Хүнс ХК-ийн Гүйцэтгэх захирал А.Отгондарь "Монос Хүнс ХК нь хувьцааныхаа хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааг хэрэгжүүлж буй анхдагч үнэт цаас гаргагчдын нэг болж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь хувьцаа эзэмшигчдийн арилжааны идэвхийг нэмэгдүүлж, хөрвөх чадварыг сайжруулах чухал алхам болно гэж үзэж байна” хэмээн онцоллоо.

Цаашид талууд хөрөнгө оруулагчдын итгэлцлийг нэмэгдүүлж, зах зээлийн үр ашиг, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн өргөжүүлэх юм.