Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
МОНОС ХҮНС ХК БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ КИРГИЗ УЛСАД АЛБАН ЁСООР ХУДАЛДААЛЖ ЭХЭЛЛЭЭ

МОНОС ХҮНС ХК БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ КИРГИЗ УЛСАД АЛБАН ЁСООР ХУДАЛДААЛЖ ЭХЭЛЛЭЭ

2024.04.18

Монос Групп Бүгд Найрамдах Киргиз улсад бүтээгдэхүүнээ худалдаалах албан ёсны нээлтээ 2024 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хийж хэрэглэгч, тус улс дахь албан ёсны төлөөлөгч болон борлуулагч компанийн 200 гаруй харилцагчдад зориулж маркетингийн идэвхжүүлэлтийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд экспортын 20 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээ танилцуулахын зэрэгцээ зах зээлийн судалгаа, шинжилгээ хийх, тус улсын топ сүлжээ дэлгүүр, хүндэт зочидтой харилцаа холбоо тогтоосон тэмдэглэлт өдөр болж өнгөрлөө.

Монос Хүнс ХК болон Монос Косметик ХХК эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнээ энэ оны хоёрдугаар сараас Киргиз улсад худалдаалж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Бишкек хотын Лекарь сүлжээ эмийн сангийн 100 гаруй салбараар амжилттай борлуулж байна.  

Арга хэмжээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Элчин сайд С. Ганхуяг, Элчин зөвлөх Г.Эрдэнэбат нар хүрэлцэн ирсэн бөгөөд Элчин сайд хоёр улсын харилцаа, тэр дундаа эдийн засгийн хүрээнд томоохон хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлсэн юм. 

7 сая гаруй хүн амтай Киргиз улсын нийслэл Бишкект 1,5 сая хүн амьдардаг. Нийт хүн амын 1/3 хотод,  2/3 нь хөдөөд оршин суудаг. Хүн амын 60 хувь нь хөдөлмөрийн насныхан 30 хувь нь 0-14 насны хүүхэд, 6,2 хувь нь 65-с дээш өндөр настнууд эзэлдэг байна. Нэг хүнд ноогдох ДНБ 2,372 ам.доллар байна. Тус улсад эрүүл мэндийн бүтээгдэхүүн буюу эрүүл мэндийг дэмжих, өвдөхөөс урьдчилан сэргийлэх үйлдэлтэй хүнс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн дутмаг учраас энэ төрлийн бүтээгдэхүүний эрэлт их байдаг. Иймээс тус улсын зах зээл дээр Монос Хүнс Хувьцаат компанийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн амжилттай байрших бүрэн боломжтойг Киргиз улс дахь албан ёсны борлуулагч Лекарь компанийн захирал ноён Эсенбеков Жолдошбек, “Монос КейДжи” компанийн захирал Булат Улукбек нар арга хэмжээний үеэр онцолж байлаа.

Монос Хүнс ХК нь 2019 онд нээлттэй хувьцаат компани болсноос хойш үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, гаднын зах зээлд нэвтрэх томоохон хамтын ажиллагааг ийнхүү амжилттай эхлүүлж олон улс, тэр дундаа Төв Азийн хэрэглэгчдэд эрүүл мэндийн хүнсний  бүтээгдэхүүнээ хүргэж байна.