
MFC: ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /Байгальдаа ээлтэй шийдэл/
2025.02.12
Монос Хүнс ХК “SOCIAL IMPACT 2025” арга хэмжээнд амжилттай оролцлоо
Монос Хүнс ХК нь нийгэмд эерэг өөрчлөлт авчрах зорилготой “Social Impact 2025” арга хэмжээнд хоёр дахь жилдээ амжилттай оролцлоо. Өнгөрсөн жил бид олон нийтийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх “Хэнэгтэй Монгол эр хүн” нөлөөллийн төслөө танилцуулсан бол энэ удаа “Хуванцрын хэрэглээг бууруулах замаар нийгэмд нөлөөлөх нь” сэдвийн хүрээнд хийсэн ажлаа танилцууллаа.
Хуванцрын хэрэглээг багасгах - Байгальдаа ээлтэй шийдэл
- Экос ус – Савлагааны хуванцрын хэрэглээг 30%-иар бууруулж, 2024 оны 9 сараас хойш нэг улиралд 43 тонн хуванцар хог хаягдлаас үүсэхээс урьдчилан сэргийлэв.
- Энхжин эрүүл мэндийн цай – Савлагааны шинэчлэл хийснээр цаасны хэрэглээг 30%-иар, гялгар уутны хэрэглээг 90%-иар бууруулж, улиралд 8 тонн материал хэмнэв.
Social Impact 2025 арга хэмжээ нь нийгмийн сайн сайхны төлөө бодит нөлөө үзүүлж буй шилдэг төслүүдийг олон нийтэд танилцуулж, тогтвортой хөгжилд чиглэсэн эерэг өөрчлөлтүүдийг урамшуулан дэмжих зорилготой. Хоёр дах жилдээ зохион байгуулагдаж буй арга хэмжээг CO: Brand болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хамтран зохион байгууллаа. Social Impact 2025 арга хэмжээнд 400 гаруй зочин хүрэлцэн ирж, 12 байгууллага нийгмийн хариуцлагатай кампанит ажлаа танилцуулсан юм.
Монос Хүнс ХК нарны эрчим хүч ашиглаж байна
Монос Хүнс ХК нь 2024 оны 9-р сараас эхлэн орчны тохижилтдоо нарны цахилгаан хангамжийн хосолсон системийг ашиглаж эхлээд байна. Энэхүү шийдэл нь сэргээгдэх эрчим хүчийг ашиглан тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой.
Систем нэвтрүүлснээс хойших таван сарын хугацаанд нийт 2864 кВт.цаг цахилгаан хэрэглэснээс 583 кВт.цаг буюу 20% орчим нь нарны эрчим хүчний үүсгүүрээс хангагдсан байна.
Монос Хүнс ХК-ийн 2025 оны байгаль орчны зорилго, зорилтууд:
- Саарал усны хэрэглээг нэмэгдүүлэн, усны хэрэглээг 10%-иар бууруулах
- Уурын хэрэглээг 3%-иар бууруулах
- Байгалийн нөөцийн зохистой хэрэглээг бий болгох, дадал хэвшүүлэх
Монос Хүнс ХК нь байгаль орчны хамгаалал, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, ногоон ирээдүйн төлөө бодитой алхмуудыг хэрэгжүүлсээр байх болно.