Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын мэдээлэл

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын мэдээлэл

2024.09.10

Монос Хүнс ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгууллаа. 

Хурлыг Монос Хүнс ХК-ийн ТУЗ-ийн дарга Х. Ананд даргалж, нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 83.58%-ийн ирцтэйгээр хуралдсан юм. 

Ээлжит бус хурлаар ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгохоос гадна ТУЗ-ийн 2024 оны төсөвт тодотгол хийлээ. 

ТУЗ-ийн ердийн гишүүдээр Х. Ананд, А. Отгондарь, Ч. Баттогтох, Х. Солонго, Л. Хүрэлбаатар,  Ц. Цэцэгбадам нар улиран сонгогдож, ТУЗ-ийн хараат бус  гишүүдээр Г. Золжаргал, М. Сарандаваа, Д. Энхжаргал, Д. Гэрэлт-Од,  Н. Улаанхүү нар сонгогдлоо. 

Компанийн засаглалаа улам сайжруулах үүднээс хараат бус гишүүдийн тоог нэмэгдүүлэх шийдвэр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар гарч хараат бус гишүүдийн тоо гурав байсныг тав болгон нэмэгдүүлсэн. 

 ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж, зарын дагуу нийт 28 хүнээс анкет мэдээллээ ирүүлсэн. Үүнээс ТУЗ-ийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хороо хуралдан үнэт цаас, хөрөнгийн зах зээл, БОНЗ-ын чиглэлийн мэдлэг туршлагатай, үйлдвэрлэлийн салбарт болон хувьцаат компаниудын ТУЗ-д ажиллаж байсан засаглалын болон ажлын туршлагатай 13 нэр дэвшигчдийг сонгон шалгаруулж, хуралд нэр дэвшүүлсэн. Ингэснээр хараат бус гишүүдийн сонгууль шударга, эрх тэгш, ил тод, өрсөлдөөнтэй болж, ТУЗ-ийн гишүүд шинэчлэгдсэн юм. 

ТУЗ-ийн хараат бус гишүүдийн тоог нэмсэн нь ТУЗ-ийн бүрэлдэхүүнд хараат бус гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, цаашлаад хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах ач холбогдолтой. 

Компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулдаг эрхэм хэрэглэгч, итгэлтэй харилцагч, монгол оюун сэтгэлгээнд хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн нийт гишүүд та бүхэнд талархал илэрхийлье.