Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ЦЭНЭГЛЭСЭН 10 ЖИЛ

ЭРҮҮЛ МЭНДИЙГ ЦЭНЭГЛЭСЭН 10 ЖИЛ

2022.12.27

Эрүүл мэндийн хүнс үйлдвэрлэлийн чиглэлээр Монголдоо түүчээлэгч Монос Хүнс ХК 10 жилийн ойн баяраа тэмдэглэлээ.  

Хэрэглэгчдээ хүнсээр дамжуулан эрүүлжүүлэх эрхэм зорилгын доор 2012 онд байгуулагдаж байсан нь өдгөө биеллээ олж хэрэглэгчдийнхээ хүндэтгэлийг хүлээсэн 10 брэндийн 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй үндэсний шилдэг үйлдвэрлэгчдийн нэг болсон байна.

Түүхэн ойн баярыг тохиолдуулан компанийнхаа амин сүнс, амжилтын үндэс болсон ажилтнуудаа мөн урамшуулсан юм.

Тухайлбал, Компанийнхаа түүхийн хуудсыг хамтдаа бүтээлцэж, үнэ цэнийг түгээж тогтвортой, амжилттай ажилласан 2 ажилтанд орон сууцны урьдчилгаа 30 сая төгрөг, 8 ажилтныг тус бүр 10 сая төгрөгөөр шагнан урамшууллаа.

Монос Хүнс ХК-ийн Гүйцэтгэх захирал А. Отгондарь “Манай компани үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн хэрэглэгчдийнхээ эрүүл мэндийн төлөө гэсэн чин сэтгэлийн үндсэн дээр бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэсээр ирсэн. Бид өвдсөний дараа эмчлэх бус аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгээрээ бусад хүнсний үйлдвэрлэгчдээс онцлогтой Эрүүл мэнд бол нийгмийн хамгийн том баялаг байдаг учраас бид үүгээрээ өнөөдөр бахархах ёстой. Өнгөрсөн 2 жил дэлхий нийтэд нийгэм, эдийн засгийн байдал хүнд байлаа. Гэвч манай хамт олны тууштай байдал, нөр их хичээл зүтгэлийн үр дүнд компанийн  борлуулалтын орлого 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр өнгөрсөн оноос 66 хувь, цэвэр ашиг 99 хувиар тус тус өсгөсөн амжилттайгаар түүхт ойгоо үдлээ. Өнгөрсөн 10 жил бидний хувьд бизнесийн гараагаа эхлүүлэх он жилүүд байлаа.

Бид  компанийн дараагийн чиг үүргээ тодорхойлж, хөгжлийн дараагийн үе шат руу хөтлөх MFC 2.0 төслөө хэрэгжүүлж эхлээд байгаа. Төсөл хэрэгжсэнээр байгаль орчноо хамгаалах, зах зээлийн эрэлт, хэрэгцээг хангах зэрэг олон шинэ шийдлүүдийг гаргана гэдэгт итгэлтэй байна. Бид цаашид олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ амжилттай гаргаж, үндэсний үйлдвэрлэлд шинэ “амжилт”-ыг авч ирэхээр зорин ажиллах болно” гэсэн юм.