“МОНОС ХҮНС” ХК Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа
Нийтэлсэн: 04-28-2020
“Монос Хүнс” ХК 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурлаа амжилттайгаар зохион байгууллаа. Энэ удаагийн хурал дэлхий дахинд үүсээд буй Ковид-19 вирусийн тархалттай холбоотойгоор цахим хэлбэрээр хийгдсэнээрээ онцлогтой юм.
Хурлыг ТУЗ-ийн хараат бус гишүүн Б.Гантулга даргалж, ТУЗ-ийн дарга Л.Хүрэлбаатар, Аудитын хорооны дарга Б.Долгормаа, ТУЗ-ийн ердийн гишүүн Ц.Цэцэгбадам, Хөндлөнгийн Санхүүгийн аудитын БДО ХХК-ийн төлөөлөл болон “Монос Хүнс” ХК-ийн Гүйцэтгэх захирал А.Отгондарь нарын бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан бөгөөд нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 77.72% нь оролцсон юм. Хувьцаа эзэмшигчид тусгай цахим хуудсанд урьдчилан хүлээн авсан нэвтрэх нэр, нууц үгээр холбогдон хурлын санал хураалтад оролцож асуултуудад саналаа өгсөн байна. Санал хураалт болон тооллогын ажилд ямар нэгэн алдаа гараагүй болохыг Тооллогын комиссын зүгээс онцоллоо. Мөн цахим хуралд оролцсон хувьцаа эзэмшигчид өөрсдийн хөрөнгө оруулсан “Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэр”-тэй виртуал хэлбэрээр танилцсан бөгөөд хурлын шууд дамжуулалтын үеэр дуу дүрсний хоцрогдолгүй, шууд асуулт хариултаар харилцах боломжтойгоор амжилттай зохион байгуулагдсан юм.
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд:
- Компанийн 2019 оны санхүүгийн тайланд хийгдсэн хөндлөнгийн аудитын дүгнэлттэй танилцаж, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд өгсөн Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн баталлаа.
- Хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тайлантай болон, Ногдол ашиг хуваарилах тухай Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоолтой танилцлаа.
- ТУЗ-ийн 2020 оны төсвийн саналтай танилцаж батлав.
Хувьцаа эзэмшигчдэд 2019 оны үйл ажиллагааны тайланг Гүйцэтгэх захирал А.Отгондарь танилцуулсан бөгөөд “Монос Хүнс” ХК өнгөрсөн онд ус, ундааны үйлдвэрлэлийн хүчин чадлыг 24 дахин нэмэгдүүлж “Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэр”-ийг ашиглалтад оруулж, үйл ажиллагаандаа олон улсын чанарын тогтолцоо ISO9001:2015, HACCP стандартуудыг амжилттайгаар нэвтрүүлсэн байна. Энэхүү олон улсын стандартыг хангасан “Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэр”-тээ “Экос” зөөлөн ус болон эрдэс нөхөгч усыг үйлдвэрлэж эхлээд байна. Үүнээс гадна “Аами”, “Таами” шүүсний орц найрлагыг баяжуулан хүүхдүүдэд хэрэглэхэд хялбар шинэ савлагаатайгаар зах зээлд нийлүүлж эхлэсэн бөгөөд нэмж шинэ брэнд бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрэлэх төслүүд хэрэгжиж эхэлсэн. Мөн хуурай хүнсний үйлдвэртээ шинээр “Berryvit” тоглоомтой аарцан үрэл, “Tastea” уусдаг цайг үйлдвэрлэн худалдаанд гаргасны зэрэгцээ аарцан шахмал “Тугал” брэндийг шинээр худалдаанд гаргахаар бэлдэж байна.
Өнгөрсөн онд борлуулалтын орлого 2018 онтой харьцуулахад 18.2 хувиар өссөн бөгөөд үүний үр дүнд нийт хувьцаа эзэмшигчдэдээ 408.8 сая төгрөгийн ногдол ашгийг олгохоор шийдвэрлэсэн байна. Ногдол ашгийг 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдэд олгох болсныг мэдэгдлээ.