Ирээдүйн үндэсний үйлдвэрлэгч залуус Монос Хүнс ХК-ийн Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэртэй танилцлаа
Нийтэлсэн: 10-09-2020
Монос Хүнс ХК-ийн “Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэр” нь Олон Улсын Чанарын удирдлагын тогтолцоо ISO9001, Хүнсний аюулгүй байдлыг тогтолцоо HACCP, Үйлдвэрлэлийн зохистой дадал буюу GMP стандартыг хангах, бүрэн автомат үйлдвэр юм. Орчин үеийн үйлдвэрийн чанар стандарт, үйлдвэрийн бүтэц зохион байгуулалт, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрт Шинэ Монгол технологийн коллежийн оюутнууд зочиллоо.
Шинэ Монгол технологийн коллеж нь бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөр болон дээд боловсролын диплом олгох сургалтын хөтөлбөрийг зэрэг хэрэгжүүлдэг дээд боловсролын байгууллага юм. Тус коллежийг төгссөн оюутнууд технологиор тэргүүлэгч Япон улс болон Монголын томоохон үйлдвэрлэлийн компанид ажиллах хүч болдог. Тиймээс тус коллеж нь хичээлийн хөтөлбөртөө Монголын үйлдвэрлэлийн компанитай танилцуулах ажлыг багтаасан байдаг бөгөөд Шинэ Монгол коллежийн зүгээс Монос Хүнс ХК-ийн Эрүүл Мэндийн Шингэн Хүнсний үйлдвэртэй танилцах хүсэлт ирүүлсний дагуу тус сургуулийн Химийн инженер болон Механик инженерийн оюутнуудыг хүлээн авч үйлдвэртэйгээ танилцууллаа.
Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэртэй танилцах үеэр Шинэ Монгол технологийн коллежийн оюутнуудад Монос Хүнс ХК-ийн эмч төлөөлөгч эрүүл мэндээ хэрхэн хамгаалах мэргэжлийн сургалт зөвлөгөөг хүргэхийн зэрэгцээ эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийн хүний биед үзүүлэх үйлчилгээний талаар мэдээлэл өгсөн юм. Мөн оюутнууд үйлдвэрийн үйл явц, тоног төхөөрөмжийн талаар мэдлэг авсан бөгөөд төгсгөлд асуулт хариултын тоглоом тоглож үйлдвэртэй танилцах үеэрээ олж авсан мэдлэгээ бататгасан үйл явдал болсон юм.